Өнөөдөр 2022.03.04. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 07 цаг 28 минутад мандлаа, 18 цаг 40 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -17 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр АНУ-д Үндэсний хэлзүйн өдөр бол Польш, Литвад Гэгээн Казимирын өдөр, Беларусьт Цагдаагийн өдөр.
Энэ өдөр Англи, Америкийн кино найруулагч Эдриан Лайн, Бразилын хөлбөмбөгч Дада Маравилья, Шотландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Кенни Далглиш, Италийн эстрадын дуучин, хөгжмийн зохиолч Умберто Тоцци, Их Британийн хөгжмийн зохиолч Жон Мерфи, Америкийн хөлбөмбөгч Лэндон Донован зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1940 оны энэ өдөр МҮЭ-ийн IV Их хурал хуралдаж, 192 төлөөлөгч оролцжээ.
1965 оны энэ өдөр Хятад-Монгол-Зөвлөлтийн төмөр замын транзит тээврийн комиссын 10 дахь хурал болов. Хятад-Монголын төмөр замын транзит тээврийн комиссын ээлжит хурал Хөх хотод болсноор гуравдугаар сарын 1-ний өдрөөс зүтгүүр, галт тэрэг Эрээн, Замын-Үүдийн хооронд зорчих болжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1872 оны энэ өдөр «The Boston Globe» сонины анхны дугаар гарчээ.
1877 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Эмиль Берлинер микрофоныг зохион бүтээжээ.
Мөн оны энэ өдөр Их театрт П.И.Чайковскийн «Хунт нуур» балетын нээлт болов.
2012 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Владимир Путин гурав дахь удаагаа сонгогджээ.
Энэ өдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.
Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )