"Түүхий нүүрсний хэрэглээний талаар гомдлыг 102 дугаарт хүлээж авна"

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2021.10.20/ Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад авч, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэлээ.


Энэ үеэр Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Бид өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томоохон ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж эхэлсэн. Үүнээс онцлох нь Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрууд хамтран цагдаагийн 102 тусгай дугаарт түүхий нүүрс болон зориулалтын бус түлшний хэрэглээний талаар гомдол мэдээллийг хүлээн авахаар болсон. 

Иргэд, аж ахуйн нэгжээс бичгээр болон аман хэлбэрээр гомдол их ирж байна. Хажуу айл нь түүхий нүүрс түлж байна, түүхий нүүрс түлдэг аж, ахуй нэгж шүүлтүүрээ ажиллуулахгүй байна гэх мэт гомдлыг ирүүлж байна. Цаасаар эсвэл аман хэлбэрээр гомдлоо ирүүлэхээр шийдвэрлэх гэж хугацаа алдах тохиолдол байсан. Тиймээс үүнийг түргэн хугацаанд гомдол мэдээлэл хүлээн авах, илрүүлэн шийдвэрлэхийн тулд үнэ төлбөргүй холбогдох боломжтой цагдаагийн 102 дугаарт гомдол мэдээлэл хүлээн авахаар болсон. 

Мөн өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага гэх мэт холбогдох газрууд хамтраад 135 мянга гаруй айлаар хяналт шалгалт хийлээ. Үүнд дөрвөн зөрчил илэрсэн. 

Бид дараагийн ажлаараа сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг, мөн тусгай зөвшөөрлөөр түүхий нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүдийн зууханд үзлэг шалгалт хийх гэж байна. 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос тусгай зөвшөөрлөөр түүхий нүүрс хэрэглэдэг аж ахуйн нэгжүүдийн зууханд шүүлтүүр тавьсан. Энэ шүүлтүүрийн хэрэглээний хэвийн байдлыг хангах зэрэг ажлыг хийх болно" гэлээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top