НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс өнөөдөр /2021.09.13/ шинэ оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг зохион байгуулж, хотын иргэний мэдвэл зохих анхан шатны мэдээллүүдийг багтаасан гарын авлага тараалаа.
Энэ үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Есдүгээр сарын 13-наас их дээд сургуулийн танхимын сургалтыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнөөдрөөс их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрийн төвүүдийн /МСҮТ/ хичээл эхэлж байна.
Жил бүр хөдөө орон нутгаас 70 гаруй мянган оюутан нийслэлд ирж, түр оршин суудаг. Улаанбаатар хотын засаг даргын тамгын газраас эдгээр түр оршин суугч оюутан, залууст зориулж “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Аливаа айл гэр, байгууллага дотоод дүрэм журамтай байдаг. Улаанбаатар ч мөн улсын нийслэл, хүн ам төвлөрсөн томоохон хотын хувьд өөрийн гэсэн дүрэм, хотын соёлтой.
Иргэдэд хотын соёл, зөв дадал хэвшилд сурсан байх талаар мэдлэг, мэдээлэл шаардлагатай байгаа. Тиймээс бие дааж амьдрах гэж нийслэлд ирж буй залуучууддаа хотын соёл, дадлын талаар бага ч болов мэдээлэл өгөх үүднээс энэ ажлыг хийж байна. Цаашид их, дээд сургууль, МСҮТ-ийн хөтөлбөрт хотын соёлын талаар хичээл оруулахаар ярилцаж байгаа” гэлээ.
Гарын авлагад Улаанбаатар хотын иргэний мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг багтаасан бөгөөд нийтийн эзэмшлийн эд зүйлс, ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах, хотын иргэний соёл, дадлын талаар дурдсан байна. Мөн автобусны чиглэл, цагийн ажил, онцгой байдал, цагдаа, галын дуудлага, түргэн тусламжийн болон номын сангуудын утасны жагсаалтыг багтаажээ.

.png)

Сэтгэгдэл ( 1 )
bodlogo bolovsruulah baiguullaga ni gariin ablaga hiij baih ch gej dee. Oyutnii holboo ni hiimeer sanagdah yum