Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй салбарын томоохон арга хэмжээ болох "BARILGA EXPO 2021" үзэсгэлэн 14 дэх жилдээ болж өндөрлөлөө. Мишээл экспод өнгөрсөн пүрэв гарагт /2021.09.09/ нээлтээ хийсэн уг үзэсгэлэн есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Уг үзэсгэлэнгийн ерөнхий эвээн тэтгэгчээр "Эрхэт Монгол" групп ажилласан юм. Үзэсгэлэнгийн хаалтын арга хэмжээний үеэр "Рио 2016" паралимпын наадмын хүрэл мeдальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн рeкорд амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээд "Grand Marshal luxury villas" дөрвөн улирлын тансаг зэрэглэлийн хотхонд Таун хаус, багш дасгалжуулагч Д.Баттулгад "Өнө мөнх хөгжил” констракшны хамтран бүтээн байгуулж буй “Сити резиденс” хотхонд 3 өрөө орон сууцны эрхийн бичгийг "Эрхэт Монгол" группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр гардууллаа.

“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг өргөж, зуны паралимпийн наадмын дээд амжилтыг тогтоосон бол хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг захиалж, амжилттай өргөснөөр Паралимпын аварга болсон юм. Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөн, энэ төрөлдөө Дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүхэн амжилтын эзэн билээ.
Тийм ч учраас паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, эх орныхоо төрийн дууллыг ертөнц дахинаа эгшиглүүлэн, Паралимпын наадмын Монгол Улсын анхны ХОС МЕДАЛЬТАН болсон Э.Содномпилжээгийн нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, онцгой амжилтыг дэмжин урамшуулж, “Эрхэт Монгол” группийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хотхонд тансаг зэрэглэлийн ТАУН ХАУС бэлэглэж байна.
Түүнчлэн түүний багш Д.Баттулгад мөн “Эрхэт Монгол” групп, “Өнө мөнх хөгжил” констракшны хамтран бүтээн байгуулж буй “Сити резиденс” хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэн, амжилт, хөдөлмөрийг нь мялааж байна.

Багш, дасгалжуулагч Д.Баттулга:
-Үнэхээр сайхан байна. Олимпийн медалиа аваад өрөөндөө орж ирээд байж байтал Х.Мандахбаяр найз маань залгаад, бид хоёрт байр өгч байгаагаа хэлсэн. Бодит дэмжлэг үзүүлж, олон жилийн хөдөлмөрийг маань ойлгож, үнэлж байгаад талархаж байна. Цаашдаа 2024 оны олимпийн наадамд амжилттай оролцох зорилготой байгаа. Энэ зорилгод маань өнөөдрийн дэмжлэг маш том түлхэж өгч байна.

Паралимпын наадмын алтан медальт Э.Содномпилжээ:
- Сэтгэгдэл маш өндөр байна. Захыг минь мушгисан Монголын ард түмэндээ талархаж байна. Амжилт гаргасан хүнд ямар дэмжлэг үзүүлж болдгийг Эрхэт Монгол групд харууллаа. Энэ бол тамирчны нийгмийн баталгаа, дараагийн амжилтад хүргэх хөшүүрэг юм.

Мөн Э.Содномпилжээ, Д.Баттулга нар "Grand Marshal luxury villas" төслийн талбайд зочилж, Э.Содномпилжээд гардуулсан Таун хаусны сонголтыг хийсэн юм.


Сэтгэгдэл ( 1 )
Амжилт хүсье бүгдэд нь