Намууд нам гацаанаас гарч чадах уу!

Б.Болорсүх | Zindaa.mn
2021 оны 08 сарын 24

Шинэ нийгэмд хуучин хүрэм­тэйгээ алхан орсон Монгол Улсад нам гэдэг улс төрийн хүчн наашаа ч үгүй, цаашаа ч үгүй нам гацчихаж. Итгэх эсэх нь таны эрх ч итгүүлэх баримтууд хангалттай байна.

Монгол төр түүхэндээ гурав дахь удаагаа Үндсэн хуулиа солихдоо “МАХН бол төр нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн” гэдэг нүсэр цолтой болжээ. Нам нь төр юм уу, төр нь нам юм уу гэх ойлгомжгүй байдал чухамдаа 1960 оны долоодугаар сарын 06-ны өдрөөс бий болсон юм. Хаяа бараадан, даган дуурайж асан ЗХУ дотооддоо улс төрийн “шинэчлэл” хийж байсан тэр цаг үетэй давхцан “МАХН” ийнхүү цор ганц удирдан чиглүүлэгч хүч болов. Чухам иймийн учир өнөө хэр нь нам төрийн, нам засгийн гэх холбоо үг мэт уншигдсаар байгаа юм.

Засагласан засаг нь ч нийгмийн шалгарлаар явахаа байсан тэр цаг дор улс орноо өөрчлөх нь намаа өөрчлөхөөс эхэлнэ гэдгийг Сүхийн талбайд жагсаж асан залуус төсөөлж байна. Демократизаци гэх үг Горбачёвын зөвлөлт засагт аль хэдийнээ хэллэг болоод байхад Сүхийн талбайд жагсаж байсан хэд маань ч төсөөлөөд эхэлснийг нэгэн баримт харуулдаг.

1990 оны нэгдүгээр сарын 21-нд Сүхийн талбайд жагсаж байхдаа “аугаа” их удирдагч Лениний нас барсан өдөрт малгай аван толгой гудайн хүндэтгэл үзүүлсэн байдаг. Горбачёвын үеийн орос орны төсөөлж байсан ардчилал бол нэг намын гоцлон тоглолттой ардчилал байв. Сүхийн талбайд идэр есийн хүйтэнд “нам гэдэг чинь мань мэт юм” гэж зогсож байхдаа бид чухамдаа ямар намыг дотроо төсөөлж байсан бэ гэдэг нь одоо ч эргэлзээтэй.

Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаагаа 1990 оны тавдугаар сарын 10-ны өдөр Улс төрийн намуудыг хуулийн жаазанд оруулсан байдаг. Хууль батлагдахаас дөрвөн сарын өмнө Сүхийн талбай дээр жагсаж байсан залуус цогцлоосон ардчиллаа хуучин намтайгаа цуг засаглах хувь заяатай тулсан юм. Өөрөөр хэлбэл хуучин намтайгаа нэг зам дээр уралдана гэсэн үг. Энэ хуулиар зарим томъёолол өөрчлөгдсөн. Ардчилсан гэдэг үг, иргэн гэдэг үгтэй цуг илүү дурдсанаараа онц­лог байлаа. Түүнчлэн нам өөрийгөө санхүүжүүлэх зарчимтай, санхүүгийн тайлангаа Засгийн газарт өгөх тухай үг өгүүлбэр орж ирэв. Зарчмын хувьд өөрч­лөгдсөн мэт харагдаж болох ч үнэн хэрэгтээ мөн чанар нь огтоос өөрчлөгдсөнгүй. Хуучин нийгэмд мөрдөж байсан намын байгууллыг зөвхөн нэр хаяг, малгайг нь өөрчлөөд л шинэ нийгэмд тавьчихсан хэрэг. Намын хатуу гишүүнчлэл арилсангүй. Намын хүчийг бүрдүүлдэг намын хороо, намын үүр гэх ойлголт ч арилсангүй. Намын удирдлага нь социализмын үнэрээ хадгалсан босоо удирдлагатай хэвээр үлдэв. Түүнчлэн бас нэг гажуудал байсан нь ямар нэгэн хариуцлагын системгүй, гаднаас хандив авахыг зөвшөөрсөн байлаа.

“Монголд улс төрийн нам өнгөн талдаа өөрчлөгдсөн мэт боловч агуулгаараа бол өөрчлөгдөөгүй. Яг л социалист альтернатив байгуулал тогтчихсон. Ялахаараа эрх мэдлээ бүрэн аваад өөр зүйл, өөр үзэл бодол байж болдог­гүй. Гарааны ижил тэгш боломж, гуравдагч хүчний байр суурь олго­доггүй. Энэ бол пост коммунист бүх улсуудад ажиглагддаг нэг төр­лийн хам шинж” гэж Чехийн улс төр судлаач Михаль Клима ярьжээ.

Энэ цагаас Улс төрийн намын тухай хуульдаа 2005 онд салхи оруулж, түүнээс хойш гурван ч удаа нэмэлт өөрчлөлт хийжээ. Гэхдээ зөвхөн процедурын төдий заалтуудыг өөрчилсөн байдаг. Хамгийн гол хардлага болсоор ирсэн санхүүжилтийн бүрхэг заалтууддаа нэг ч удаа өөрчлөлт оруулж байсангүй. Улс төрийн намын тухай хуулийн дөрөвдүгээр бүлэг “Намын санхүүжилт” гэх хэсэгт намуудын хөрөнгө, орлого зэргийг тусгасан ч хяналт тавих тогтолцоог нарийн зааж өгөлгүй зөвхөн намын дотоод хяналтын хороо хянана. Улс төрийн намын тухай хуулийн 20.3-т  “Нам санхүүгийн үйл ажил­­­лагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ” гэж заасан ч аудитын шалгалт нь бэлгэдэл төдий, албан ёсны цахим хуудас дээрээ мэдээлдэггүй гэмтэй.

Уншигч та ер нь МАН, АН зэрэг намуудын санхүүжилтыг олж харж байсан уу гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Гаднын жишгийг харвал тухайн намд хандив өгсөн бол нэр алдартай хүмүүс заавал мэдээлэх үүрэгтэй байдаг. Олон нийтийн хэвлэлүүд нь ч улирал тутам тухайн намын санхүүжилтийг ил тод зарладаг. АНУ-ын системийг ажиглавал энэ нь Ардчилсан намынх, нөгөө нь Бүгд найрамдах намых гэж компаниудаа ялгадаг нь хандив нээлттэй, үзэл баримтлал нь тодорхой болохоор тэр юм.

Түүнээс гадна тухайн Засгийн газрын төсөвт ажилд татагдан оролцсон байгууллагууд тухайн санхүүжилт өгөх жилд нь намд хандив өгөхгүй байхыг пост коммунист улс орнуудад ялгамжтай байдлаар зохицуулсан байдаг. Одоогоор намын хандив нь тодорхойгүй байгаа учраас тухайн хандив өгөгчийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд албан тушаалын бэлэглэл бий болдог аж. Үүнийг номонд клиентист хэв шинжтэй нам гэж тодорхойлжээ. Энэ тохиолдолд эрх мэдэлтэй хэн нэгнээр дамжуулан намынхаа эрх мэдлийг улам лавшруулж, лавширсан эрх мэдээ хууль тог­тоох засаглалд ч шингээх шинжтэй байдаг аж. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг томоохон байгууллагууд жил бүр энэ мэт судалгааг хийдэг ч улс төрийн зүгээс ямар нэгэн алхам хийхгүй байсаар өнөөг хүрчээ.

Ойлгомжгүй байдал одоо ч арилаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын 191.2-т “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж заасан. Энэ нь 2028 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Мөн түүнчлэн 191.3-т “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс сан­­хүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэж заажээ. Гэвч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад Улс төрийн намын тухай хууль өөрчлөгдөөгүй учраас энэ бүхэн амьдрал хэрэгжиж чадахгүй нөхцөл байдал үүсэж таарна. Үндсэн хуульдаа нэгэнт өөрчлөлт оруул­чихсан учраас үүнийг дагахаас өөр зам байхгүй. Гэвч дорвитой хэлэлцүүлэг өрнөсөнгүй. Сошиалаар яваад байсан шиг Усл төрийн намын тухай хуулиа шинэчлэхийг чиглэл болгосон. Дээрээс нь санхүүжилтийн тухай хуулиа салгаад өргөн мэдүүлэхийг “том дарга” үүрэгджээ. Чухам гацаанаас гарч чадах болов уу...

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.82.43) 2021 оны 08 сарын 24

Одоо ч хүртэл манайд коммунист засаглал байсаар байгаа шүү дээ.30 жилийн өмнө бид сайхан амьдарч байлаа.Нам засгийн буянаар та нар өдий болтол явж байна.Бид 100 жилийн түүхтэй нам шүү.Гавъяа нь биднийх,гай нь та нарынх ,МАН бол удирдаж чаддаг түүхэн уламжлалтай нам ,гээд хөвөрч өгнө дөө.Одоо бол МАН гишүүн биш бол хэн ч биш болсон доо.Үүнтэй маргах хүн байхгүй байхаа.

0  |  0
Top