Финтек бол Фантаз биш

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Финтек гэдэг магадгүй гадаад үг мэт харагдаж, сонсогдож байж мэднэ. Гэхдээ энэ үг Монголд хавьгүй эрт орж ирж нутагшсан шинэ цагийн үгнүүдийн нэг. “Баярлалаа” гэж уншуулдаг авто­бусны картаас эхлээд, дуртай газраасаа зээл гэж буй элдэв санхүүгийн аппликейшн хүртлээ  энэ үг хөгжсөн байна. Банкууд төлбөр тооцоо, банк бусууд санхүүгийн үйлчилгээгээ хялбар болгохын тулд хүссэн ч, эс хүссэн ч финтек рүү тэмүүлдэг болж. Дээрээс нь “Цахим Үндэстэн” гэж тодорхойлоод тэмүүлж байгаа том “малгай” руу дөхөхөд ч финтек гэдэг зүйл тусална. Бүх зүйл хурдаар хэмжигддэг болсон энэ цагт товчлол нь технологи учраас банк санхүү, бүртгэл тооцоо, тэр ч бүү хэл эрүүл мэндийн салбар ч технологи руу тэмүүлэх болсон. Гэвч энэ бүгдээс хамаагүй эрт санхүүгийн салбар финтектэй холбогджээ.

 

Фантаз эхэлсэн цаг

 

Мода Монголоор дуусдаг гэж бид ярих дуртай. Гэвч шинэ тутам хөгжиж буй санхүүгийн технологи /Финтек/ Монголоор дууссангүй. Монголоор түүчээлж байна. Анх 2008 оноос л АНУ-д анх үйлчилгээнд нэвтэрсэн энэ технологи Монголд 2009 оны сүүлээр анх нэвтэрсэн гэж үздэг. Мода монголоор дууссангүй. Арилжааны банкууд ухаалаг утсанд суурилсан аппликейшн зохион бүтээж, мессежээр утас, цахилгааны төлбөрөө хийх боломжтой болсон нь тухайн үедээ монголчуудад шинэ содон жишиг байлаа.

Цахиуртын хөндийд ухаалаг утасны технологи шинэчлэгдэх тоолонд финтекийн хөгжил цагаар биш минут, секундээр өөрчлөгдөх болжээ. Хамгийн сүүлд Монгол Улсад “Мобиком” компанийн “Candy” үйлчилгээ Монголбанкны албан ёсны төлбөр тооцоогоор хүлээн зөвшөөрөгдөөд байна.

“Монгол банк Үндэсний төл­бөрийн системийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор финтекийг дэм­жихээр ажиллаж байна” гэж Мон­гол­банкны Төлбөр тооцооны газ­рын захирал Э.Анар ярьсан юм.

Дэлхий санхүүгийн зах зээлд финтек анхлан нэвтэрснээс хойш 10 жилийн дараа Монгол Улсад Үндэсний төлбөрийн системийн тухай хууль хэрэгжиж эхлэв. Энэ хуулиар мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг, цахим мөнгө гаргах, төлбөр шилжүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах зэрэг асуудлыг шийдвэрлэснээр финтекийг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах боломжтой болсон юм. Түүнчлэн цахим мөнгө гэх ойлголтыг бий болгож чухам юуг цахим мөнгө гэж үзэхийг тодорхойлсон нь дэвшилтэт алхам байв. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 35.2.1-т “Мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан”, 35.2.2-т “Мөнгөн хөрөнгөөр баталгаажсан”, 35.2.3-т “Цахим мөнгө гаргагч, түүний харилцагчаас бусад гуравдагч этгээд төлбөрт хүлээн зөвшөөрөгдсөн” 35.3-т Нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна. Цахим мөнгөний доод нэгж нь нэг цахим мөнгө байна” гэж зааснаар тоглоомын дүрмийг илүү тодорхой болгожээ.

Монголбанкнаас цаашид бүх төлбөр тооцооны картыг “чип”-тэй болгохоор ажиллаж байгаа аж. Уншигч та өөрийн цалингийн картаа шалгаад үзээрэй. Иргэдийг залилах, картаас тань мөнгө алдагдах явдал ихээр гарч буй энэ цагт “чип”-тэй болговол картын нууцлал өндөр болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

 

Өргөн боломж

 

Финтек илүү их хөгжсөнөөр банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо байхгүй болно гэж шинжээчид дүгнэдэг. Финтек нь зөвхөн гар утсанд суурилсан технологи гэж ойлгох нь өрөөсгөл болжээ. Блокчейн технологи, хиймэл оюун ухаан, зарим салбарт бүр роботыг хүртэл ашиглах болж. Монголд ч үүлэн технологи дээр суурилсан аппликейшн бий болоод удаагүй байна.

Финтекийн хөгжлөөр Азид БНХАУ, Япон, Өмнөд Солонгос тэргүүлдэг. Араас нь Индонези, Тайланд, Малайз удаалж байна. Харин анхны финтек үйлчилгээнд нэвтэрснээр нь тоолбол Монгол Улс анхдагчдын нэг. Хонконгийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимээс боловсруулсан судалгаагаар Монгол Улс зүүн хойд Азийн орнуудыг тэргүүлж, Ази тивдээ эхний 10 байрт бичигдэж байгааг онцолжээ. Тайланд дурдсанаар “...Хэрэв Монгол Улс финтекийн салбараа хөгжүүлж чадвал эдийн засгийн багтаамж нь нэмэгдээд зогсохгүй, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэнэ...” гэж дүгнэсэн байна.

Монгол Улсад Ази тивд фин­текийн хөгжлөөрөө тэргүүлж буй тэргүүлэгч 10 гарааны бизнесийн нэг “Анд Глобал” компани байгааг мартаж болохгүй. Тэд Вьетнам болон Тайланд зэрэг улсад бүтээгдэхүүнээ гаргах том амбицтай байна.Үүнээс жишээ авсан хэд, хэдэн компаниуд одоо санхүүгийн санхүүгийн зах зээл дээр “даналзаж” буй. Шууд нэвтрүүлгийн хамтрагч гээд хөлбөмбөгийн дундуур “тайван” байлгахгүй байгаа “Shoppy” энэ тэр гээд энэ салбар руу хошуурч байгаа газрууд бишгүйдээ байна.

 

Хэцүү цагаас фантази төрнө

 

Финтек гэдэг зүйл хэцүү цагаас л төрж байсан. Техно­логийн хувьсгал нь юуны түрүүнд мөнгөний хуримтлал, хөрөнгө оруулалтын хооронд зуучлах замаар эдийн засгийн өсөлтийг хангадаг санхүүгийн салбарт илүү хурдан нөлөөлж, бараа үйлчилгээний эргэлтийг огцом өсгөж иржээ.

Финтек 1.0 эрин үе 1876 онд А.Белл телефоны патентаа бүртгүүлснээс хойш эхлэж, санхүүгийн технологийн шинэ дэд бүтэц тавигджээ. 100 жилийн дараа интернеттэй цуг финтек 2.0 эхлэж, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, хэрэглээ огцом өслөө. 2008 оноос ухаалаг гар утас, хөдөлгөөнт интернетийн хамт финтек 3.0 эхэлсэн гэж үздэг. Санхүүгийн үйлчилгээ хялбар, хямд, хурдан (3X) болсноор хүн бүрт хүрч, дэлхий даяар ядуурлыг бууруулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гаргаж байна. Финтек 3.0 нь санхүүгийн төлбөр, тооцоо, хадгаламж, зээл, даатгалын үйлчилгээнд шинэ хэлбэрийг нэвтрүүлснээр хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж бидний амьдралын хэмнэлд нөлөөлж байна.  Финтекийн гурав дахь давлагаа эргээ халих үе 2007-2008 онтой давхацдаг. Дэлхий нийт эдийн засгийн хямралд өртөв. 1980-аад оноос хойш тооцвол хамгийн том хямрал. Чухам энэ цаг үед АНУ- ч гэлтгүй, Европын хэд, хэдэн томоохон банк, санхүүгийн компани ажилчдаа цомхотгов. Ажилгүй болсон банкирууд, технологийн салбарын мэргэжилтнүүдтэй нэгдсэнээр финтекийн хөгжлийг улам хурдасгажээ. Чухам үүнээс л финтекийн хөгжлийг эхлэн тооцож болно.

Үгийн утгаар нь тайлбарлавал “Санхүүгийн технологи” гэсэн үг. Орчин цагт үүссэн хэд, хэдэн үгийн нэг бөгөөд Оксфордын толь бичигт 2009 оноос албан ёсоор багтаажээ. Финтек нь санхүүгийн үйлчилгээг илүү хялбар болгож, хэрэглэгчдэд дуртай цагтаа, дуртай газраасаа гар утсаараа авч болох цогц үйлчилгээ юм. Зөвхөн банкны төлбөр тооцоогоор зогсохгүй бизнес эрхлэгчид мөнгө зээлэх, хөрөнгө оруулалт хайх, зээл­дэгчийг зээлдүүлэгчтэй холбох өргөн цар хүрээг хамарч буй.

Хямралаас үүссэн энэ салбар одоо гарааны бизнес эхлүүлэгчдийг ч, хөрөнгө оруулагчдыг ч татах болсон шинэ салбар болжээ. Дэлхий дахинд энэ салбарт 30 гаруй тэрбум ам.долларын мөнгө эргэлдэж байна. АНУ, Европ, Ази тивийн ихэнх улсуудад финтек аль хэдийнээ нэвтэрч бодлогоор зохицуулах болоод багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч цахим орчны хил хязгааргүй, чөлөөт урсгал хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөнгөн шилжүүлгийн нууцлалыг хадгалахад том сорилт болж байна. Хэдийгээр үүнийг зохицуулж, хянах гэж оролддог ч үр дүнгээ өгөхгүй байсаар өдийг хүрчээ.

 

Одоо л фантазлах цаг

 

Дэлхий дахин шинэ хямралын босгон дээр ирлээ. Коронавируст цар тахал түрийвч зузаантай тэргүүлэх гүрнүүдийг ч, хөгжиж байгаа “залуу” улсуудыг ч амар­гүй нөхцөл байдал руу дуу­даад байна. Цар тахлын үед хамгийн их цэцэглэж буй салбар бол “цахим” гэдэг үг урдаа оруулсан салбарууд байгааг статистик мэдээллээс төвөггүй харж болно. Дээрх улсуудын Засгийн газар одоо цахим худалдаа гэдгийг хуулиар зохицуулахаар болж Европын холбоонд үүнийг судлах тусгай ажлын хэсэг байгуулагджээ. Европын холбоонд цахим худалдааны эрэлт өнгөрсөн оныхоос даруй 60 гаруй хувиар нэмэгдсэн нь коронавирусний үр нөлөө юм. Цахим маркетинг ч вирус дэгдсэн улс орнуудад нэмэгдээд байна.

Монгол Улс ирэх 30 жилд цахим үндэстэн болох том зорилго тавиад тэргүүлж байна. Гаднын томоохон хэвлэлүүд ч монголын санаачилгыг онцлон мэдээлж байгаа. Цар тахлын үед вакцины цаг авах, вакцин хийлгэсэн бүртгэлээ чухам энэ санаачилгын дүнд бий болсон “E-Mongolia” гэх аппликейшнээс авч байгааг санахад илүүдэхгүй. Энэ тухай “GovInsider” цахим сэтгүүлд дурдахдаа “Монгол Улсын хувьд цахим шилжилтийг танихгүй хүн шиг хүлээж аваагүй. Хувийн компаниудын ачаар цахим төлбөр тооцоо, ухаалаг банк зэрэг ойлголтыг бараг 10 гаруй жилийн өмнөөс ойлгожээ” гэсэн байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top