Шинээр яам байгуулаад ч шийдэлд хүрэхгүй бололтой

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Шинээр Засгийн газар бүрэлдээд хараахан учраа олоогүй байна, олох ч гэж удах бололтой. Магадгүй учраа ололгүй “тахим”-аа өгч ч мэдэхээр олон сөрөг зүйл харагдана. Нөгөө талаар улс төрийн нөхцөл байдал ч хаашаа эргэхийг таашгүй. Тэр тусмаа боловсрол, соёлын сайдууд чухам юу хийхээ мэдэхгүй байгааг салбарынхан шүүмжлээд эхэлжээ. Ерөнхий сайдаасаа эхлээд үндэсний уламжлалт контентыг дэлгэрүүлэх тал дээр анхаарч шинээр яам байгуулж өгөөд байхад чухам яах учраа олохгүй Соёлын сайд байна.

Аливаа улс орныг мандуулж, хүчирхэг харагдуулж, тусгаар тогтносон байдлыг илтгэж байдаг зүйл нь хэл соёл, уран зохиол. Харин 1990 он гарсаар урлаг соёл, уран зохиолын салбар хаягдсан. Тэр тусмаа үндэстэн оршихын нэгэн том шалтгаан эх хэл, эх хэлийг авч ирсэн уран зохиол бүр мартагдсан. Өнгөрөгч сонгуулийн үр дүнд олонх болсон улс төрийн хүчин Соёлын яамыг тусад нь байгуулж өгсөн нь үнэхээр талархууштай хэрэг. Монголчууд даяаршлын шуурганд анзаарагдахгүйгээр олон зүйлээ алдахад хүрсэн ийм цаг үед амьдарч байгаа нь үнэн. Зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагаас хойш эгэл иргэд амьдрал ахуй, амин зуулга хэмээн мөлхөж, ихэс дээдэс хувийн өмчтэй болох гэж нэг хэсэг манаргав. Төрийн өмчит объект байгууламжаас эхлэн уул уурхайд хөл тавьцгааж, чамгүй мөнгөтэй болсон ч илүү ихийг олох гэсэн шуналд автсаар өнөөдөртэй золгосноос соёл урлаг, утга зохиолд анхаарал хандуулсан нь төдийлөн үгүй.

Нөгөө талд дэлхийн хэмжээний хүн болох гэж хөгөө хөлдөө чирсэн нь өөрөө үндэсний уламжлалт ёс заншил, соёл урлагаас асар холдуулсан орон зайд нэгэнт авчирчээ. Дэлхийн хэм­жээ­ний хүн болж харагдах гэсэн өвчин илаарьших нь бүү хэл хорт хавдрын шинжтэй болж тархлаа.

Ийм цаг үед Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэсний контентыг илүү явуулах уриалга гаргаж байгаа нь анхаарал хандуулж эхэлснийг зарласан хэрэг. Өдгөө бүр бие даасан Соёлын яам шинээр байгуулсан. Энэ бол төрийн хэмжээнд авч үзэж байгаа эхний том алхам юм. Одоо үндэстэн оршихын хамгийн том шалтгаан болсон эх хэлээ хамгаалах зорилгоор уран зохиолд анхаарал хандуулах эрх болон хариуцлага, ухамсар нь Соёлын яаманд бүрэн дүүрэн ирж байна. Өнөө цагт уран зохиолыг төр мэдэлдээ авах нь юу юм, бодлогын хүрээнд авч үзэх зайлшгүй шаардлага бий. Шаардлага байгааг доорх зүйлээс харж болно.

Эх хэлний нэгэн арвин баялаг сан болсон уран зохиолоор дамжин нэрд гарах гэсэн бүлэглэл өөртөө зохиолч, яруу найрагч гэсэн нэр хаяг нааж, бусдыг буруу зүгт уриалж байгаа нь уламжлалт хэл соёлд дэндүү харшилж байгааг анзаарч байна. Өнөөх л дэлхийн хэмжээний зохиолч болж харагдах гэсэн авьяас билэггүй нөхдүүд  харь уран зохиолоос хумсалсан санаа оноогоо жижүүрийн хэдэн үгэнд багтаан өөрийгөө тунхагласаар гучаад жилийн нүүр үзлээ. Орцноос орцонд, гудамжнаас гудамжинд, орчуулгаас ядуухан сэтгэлгээнд гэсэн цомхон орон зайд уламжлалт уран зохиол асар их хэлмэгдэв. Тэдэнд авьяас билэг байхгүй учраас дэлхийн хэмжээний бүү хэл Монгол Улсын хэмжээний ч болж чадсангүй. Гэхдээ тэдний балаг багадаагүй, уран зохиолд хөл тавьж байгаа авьяас билэгтэй олон залуусыг хэн ч биш болгосон. Жинхэнэ билэгтнүүд хөрөнгө санхүү, бусад дэмжлэгээс үүдэн нийгэмд гарч ирж чадахгүй аж. Тэгэхээр Соёлын яамнаас уламжлалт уран зохиол, эх хэлээ дэмжсэн цогц арга хэмжээ авч, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. 

Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлье, илүү сэтгэн бодож амьдаръя гэж байгааг огтхон ч буруутгасангүй. Гагцхүү өөрийнхөө авьяас чадвар, хөдөлмөрөөр дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байж дэлхийн хүн хэмээн нэрлэгдэнэ үү гэхээс биш дэлхийд нэрд гарсан зохиолчийг дуурайн бичээд өөрийгөө “Дэлхийн хүн” хэмээн нэрлэх нь учир дутагдалтай. Шекспирийн “Лир ван”-г дуурайлгаад Шекспир л харагдана уу гэхээс хэн нэгэн Дондог харагдахгүй биз дээ. Харин ч талын монголчуудын уламжлалт амьдралыг уран сайхны аргаар авьяас билгээрээ зодож бичиж чадвал чамайг дэлхий биш юм гэхэд монголчууд уншина. Магадгүй, дэлхий ч сонирхох өдөр ирж таарна. Шүтэж болно дуурайж уусаж, түүнээс болоод үндэсний утга зохиолоо үгүйсгэж болохгүй. Мэдээжийн хэрэг хэн ч дуурайх аргагүй замналтай учраас сонгодог болсон хэрэг шүү дээ. Сонгодгууд бүгд л үндэснийх байдаг.

Энд би уран зохиолоор төлөөлүүлж байгаа болохоос биш манай бүхий л  салбарт хуулбарлагчид бий. Тэд өөрс­дийгөө “Дэлхийн хүн” хэмээн нэрлэж, уламжлалт бүхнээ үгүйсгэн сууна.

Үнэхээр Монгол хэмээх аугаа түүхт үндэстнийг даяаршлын шуурганд хэн ч биш болгохгүй гэж байгаа бол эх хэлний аргамжаа болсон уран зохиолд зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй.

Үүнээс гадна дэлгэцийн бүтээл бол яах аргагүй нийгэмд асар гүнзгий нөлөөлдөг зүйл. Одоогоос хэдэн жилийн өмнө Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдын модон байшин шатаад учир нь олдохгүй нэлээд хугацаа өнгөрсний дараа гэмтнүүд баригдсан байдаг. Тэд арваад насны бүлэг хөвгүүд байсан бөгөөд байшин шатаасан учраа ердөө л гадаадын кино үзээд дуурайсан гэж хариулсан байдаг. Кино урлаг тэгэхээр ямар хүчтэй байгааг энэ жишээ харуулна.

Өнөөдөр олны хүртээл болж байгаа кинонууд гол төлөв барьцаалсан, буу шийдэм тулгасан, алсан хядсан дүр зурагт нэгэнт буужээ. Нийгмийн араншин, цагийн салхийг яах аргагүй ч төрөөс энэ тал дээр бодлого гаргаж, дэмжлэг үзүүлэх шаардлага бий. Муу нэртэй ч социализмын үед бүтээсэн хэдэн уран сайхны кино өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй, үзэгчдийн оюуны цангааг тайлж байна гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй.

Хойд хөрш ОХУ-д тусгай дунд сургуулийн сурагчид бие бие рүүгээ буу гарган нэгийгээ хөнөөсөн хэрэг гарахад Ерөнхийлөгч В.Путин тэр даруй зарлиг гаргажээ. Ингэхдээ ОХУ-ын Ерөнхий боловсролын сургуулиудад оросын утга зохиол заах цагийг хоёр дахин нэмэгдүүлсэн байдаг. Тэрбээр 2017-2018 он шилжих мөчид ард түмэндээ зориулж хэлсэн үгэндээ ХХI зууны Орос орныг авч явах шинэ орос хүнийг хүмүүжүүлэхэд утга зохиолын үүрэг асар их, үүнд кино, театр, музей, телевиз зэрэг бусад урлагийн байгууллага туслах ёстой хэмээжээ.

Ийн тунхаглаад зогсохгүй тусгай сангуудаар дамжуулан дэмжлэг үзүүлсэн. Харин бид эсрэгээрээ тусгай сангаа татан буулгаж байх жишээтэй. Оросын утга зохиол өөрөө аугаа. Хойд хөршийн Ерөнхийлөгч үндэснийхээ уран зохиолыг арвин баялаг аугаа гэдгийг мэдэхийн зэрэгцээ тэнд л үндэстэн орших нэгэн том шалтгаан байгааг эрт олоод харчихаж.

Бид Монгол ардын үлгэр, аман зохиол, оньсого таавар, түргэн хэллэг, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав гээд дэлхийн хаана ч байхгүй үндэсний өвөрмөц баялагтай улс. Энэ бол тэр чигээрээ сургамж, философи, ухаарал, уярал, хайр, зэмлэл гээд бүгдийг багтаасан аугаа ертөнц. Үүн дээр суурилж бий болсон Монголын шинэ үеийн уран зохиолч өөрөө хүүхэд залуусын хүмүүжилд асар зөв төлөвшил суулгаж байсан бөгөөд эх хэлээ сахин хамгаалж өнөөдөрт авчрахад том үүрэг гүйцэтгэж ирсэн. Үндэстний уламжлалт бүхэн, хамаг үнэ цэнтэй бүхэн гагцхүү уран зохиолоор л дамжиж нийгэмд хүрдэг шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ч “Монгол ялна” хэмээн уриалж гарч ирсэн. Шинээр байгуулсан Соёлын яам энэ тал дээр томоохон бодлого гаргаж, анхаарал хандуулах нь юу юунаас чухал болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.207.33.193) 2020 оны 08 сарын 24

Utga, uran zohiolyn shvvmj gedeg zviliig hohvvlen demjij, shine bvteelvvd deer analiz hiij olny hvrteel bolgodog, tvvniig ni bichigch unshigch ali ali ni sonirhon bolgoodog baisnyg soyolyn yam anhaaruushati\n

0  |  0
зочин(66.181.185.104) 2020 оны 08 сарын 19

манай улс ард иргэд дуу хуур найр наадамдаа нугасгүй дуртай юм чинь соёлын яамаа аятайхан хѳгжүүлээд аваад явж чадах байхаа

0  |  0
zochin(58.109.221.157) 2020 оны 08 сарын 19

Suuliin ueiin kino gej hugiin yum bolson Allaga, hulgai, tanhairal, sadar samuun

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 19

Soliorol,harinch tsuuluh yostoi baisan yum,iim jijig ulsad tiim ih soyol urlag hereggui

0  |  1
Top