Хүүхдийн мөнгөний дансаар НОГДОЛ АШИГ авах боломжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл өгдөг. Энэ дагуу өнөөдөр /2020.05.04/ онлайнаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ жил анх удаа иргэддээ ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэсэн. Үүний бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.

Тэрбээр “Хэдийгээр манай компани бэлтгэл ажлаа бүрэн хангасан хэдий ч хувьцаа эзэмшигч 251200 иргэн хувьцааны дансаа нээлгэх шаардлагатай байна. Банкны дансаа хувьцааны данстайгаа холбох, холбосон данс нь идэвхитэй эсэх мөн хувьцааны дансаа нээлгээгүй иргэдийн ногдол ашгийг банкны дансаар нь хэрхэн өгөх, хүүхдүүдийн ногдол ашгийг яаж өгөх гээд хянаж цэгцлэх ажил их бий. Энэ ажил хийгдээд бараг дууссан, давхардал үүсгэхгүй, иргэдийг гээгдүүлж хохироохгүй байх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв” зэрэг газрууд мэдээллээ хоорондоо солилцох, тулгах ажил хийгдэж байна” гэв.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигч иргэний тоо
 

  • Нийт хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.768
  • Хувьцааны дансаа нээлгэсэн 1.718.296
  • Дансаа баталгаажуулсан 425.000 иргэн байна. 


Хэрэв И баримт апп хэрэглэж, НӨАТ-ын буцаан олголт авдаг бол энэ дансаараа авах боломжтой аж.

Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлж болох нь.

Эдгээрийн алинд нь ч хамаарахгүй буюу хувьцааны дансаа нээлгээгүй, И баримт апп хэрэглэдэггүй бол заавал хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсний дараа ногдол ашгаа авах боломжтойг өнөөдрийн хэвлэлийн хурлаар онцоллоо.

Өнөөдрийн байдлаар 1.6 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бөгөөд брокерийн компаниуд доод тал нь 5000 төгрөгийн шимтгэл хураамжаар данс нээж байна. Компаниудын  үйл ажиллагааны онцлогоос хамаарч энэхүү шимтгэл харилцан адилгүй байгаа ч зарим компани онлайнаар данс нээхдээ 20 мянган төгрөгийн шимтгэл авсан байна. Энэ бол тухайн компанийн асуудал ч гэсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээг далимдуулан ашгийн хойноос хэт хөөцөлдөхгүй байхыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top