Ажилгүй болсон иргэд ажлын багаж, хэрэгслээ төв талбай дээр “ЖАГСААНА"

2020 оны 04 сарын 30

МҮХАҮТ-аас маргааш буюу тавдугаар  сарын 1-нийг Ажлын байрны өдөр болгон зарлаж, цахим жагсаал хийх гэж байна.

Өчигдөр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон мэргэжлийн холбоодын төлөөллүүд  УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж,  цар тахлын улмаас үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт буурч, экспорт, импорт хязгаарлагдан, үйлдвэрлэл багассаны улмаас ажлын байр цомхотгогдоход хүрч байгааг мэдэгдэж, тайван жагсаал хийх болсноо дуулгасан.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлагдсан тул тавдугаар сарын 1-ний жагсаалаа цуцлахыг санал болгосон юм.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "Хувийн хэвшлийн дуу хоолойг сонсож, тогтоолыг яаралтай горимоор баталж байгаад УИХ-д нийт бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Гэхдээ бид ажлын байрыг хадгалж, ажил олгогчдыг дэмжиж 500 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид тэдний ажилтнуудыг хамруулсан цахим жагсаалыг өвөрмөц, шинэлэг хэлбэрээр  тавдугаар сарын 1-нд зохион байгуулж дуу хоолойгоо хүргэнэ. Төр хувийн хэвшил хамтарч байж эдийн засгийн эрсдэлийг хохирол багатай даван туулна" гэж байр сууриа илэрхийлсэн.

Танхимын зүгээс тайван жагсаал зохион байгуулах хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргасан ч өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал зохион байгуулж болохгүй гэсэн хариу авснаа мэдэгдсэн.

Коронавирустэй холбоотойгоор ажлын байраа алдсан болон алдах эрсдэлтэй байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд коронавируснээс хамааран тайван жагсаал хийх эрхээ эдэлж чадахгүй байгаа ч маргааш цахим орчинд өөрсдийн байр сууриа илэрхийлэх нь ээ.

Тодруулбал, ажилтай иргэд нь ажлын байран дээрээ ажил хаялт зарлаж, цахим жагсаал хийх бол ажилгүй болсон иргэд ажлын багаж, хэрэгслээ Д.Сүхбаатарын талбай дээр байрлуулж, эсэргүүцлээ илэрхийлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top