
Азийн хөгжлийн банк (АХБ)-тай хувийн хэвшлийн салбарын хамтран ажиллах боломжуудыг таниулах зорилгоор Монгол Улсын Сангийн яам болон АХБ хамтран Улаанбаатар хотноо семинар зохион байгуулав.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 150 гаруй дотоод, гадаадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцсон уг семинарыг Сангийн дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа болон АХБ-ны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий нар нээж үг хэлэв.
АХБ-ны хувийн хэвшлийн салбарын дэд бүтэц, хөдөө аж ахуйн бизнес, эрүүл мэнд, боловсролын чиглэлийн болон анхан шатны венчурсын багууд холбогдох кейс судалгаа, АХБ-ны санхүүжилтийн шаардлага, шалгуур үзүүлэлт, санхүүжилтийн нийтлэг нөхцөл, өргөдөл гаргах үйл явцыг танилцууллаа. АХБ-ны Венчурс нь тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Ази, Номхон Далайн орнуудын шинээр үйл ажиллагаа эхэлж буй компаниудад технологи өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг юм. Мөн АХБ сонгогдсон компаниудтай ганцаарчилсан уулзалт хийн, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг дэлгэрэнгүй ярилцлаа.
“2030 он хүртэлх урт хугацааны стратегийнхаа хүрээнд АХБ 2024 он гэхэд хувийн хэвшлийн үйл ажиллагаагаа нийт үйл ажиллагааныхаа гуравны нэгт хүргэх зорилт дэвшүүлсэн. Монгол Улсын хувийн хэвшлийн салбарын өсөлт нь энэхүү зорилтод яв цав нийцэж байгаа юм. Дэд бүтэц, хөдөө аж ахуйн бизнес, эрүүл мэнд, боловсролын чиглэлийн болон хөгжлийнхөө эхэн үед яваа Монголын компаниудтай идэвхтэйгээр хамтран ажилласнаар АХБ Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжуудыг нээх болно" хэмээн АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагааны газрын зөвлөх Хисака Кимура тэмдэглэлээ.
Хувийн хэвшлийн салбарын үйл ажиллагааныхаа хүрээнд АХБ Ази тивийн хөгжиж буй орнуудын эрчим хүч, тээвэр, ус, харилцаа холбоо, санхүү, хөдөө аж ахуйн бизнес, эрүүл мэнд, боловсролын салбарын хувийн болон төрийн өмчит компаниудад хийгдэх хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж, дэмжин ажилладаг. Байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ санхүүгийн үр өгөөжтэй арилжааны үйл ажиллагаануудад энэ хүрээнд анхаарч байна. 2018 онд АХБ-аас хувийн хэвшлийн салбарын 32 санхүүжилтэд зориулж 3.1 тэрбум ам.долларыг өөрийн эх үүсвэрээс баталсан бол, хамтарсан санхүүжилтээр 7.4 тэрбум ам.долларыг босгожээ.
Өнөөдрийг хүртэл AХБ-наас Монгол Улсад зориулан нийт 2.5 тэрбум ам.долларын Засгийн газрын санхүүжилтийг баталсан бөгөөд эрчим хүч болон санхүүгийн салбарын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад 371 сая ам.долларыг баталжээ. Үүнд, Худалдааны санхүүжилтийн хөтөлбөрөөр дамжуулан дотоодын санхүүгийн байгууллагууд, түнш банкуудад олгодог санхүүжилт мөн багтаж байгаа юм. 2019 оны гуравдугаар сард гарын үсэг зурсан Сэрмсанг Хөшигийн Хөндийн нарны цахилгаан станцын төсөл нь АХБ-наас Монгол Улсын нарны эрчим хүчний салбарт хийсэн анхны хувийн хэвшлийн санхүүжилт. Үүгээрээ Азийн дэд бүтцийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын сан буюу Leading Asia’s Private Infrastructure Fund (LEAP) сангаас сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарсан санхүүжилтийг татаж чадсан юм.

Сэтгэгдэл ( 1 )
ene mungu dollariig xen xezee tulux be teneguudee