Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. БНХАУ-ын Засгийн газрын 201 сая юань (75 тэрбум төгрөг)-ийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдана. Түүнчлэн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдана. Боомтын барилга угсралтын ажил 2020 оны аравдугаар дугаар сард дуусахаар төлөвлөгдөөд байгаа юм.
Замын-Үүд боомт нь нийт зорчигчийн 40 хувь, суудлын тээврийн хэрэгслийн 76 хувь нэвтэрдэг импортын хамгийн том боомт боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гарч байна.
Боомтыг шинэчлэх, өргөтгөх бүтээн байгуулалт хийгдсэнээр нийт талбай найм дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо дөрөв дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо гурав дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэх тооцоолол бий.

Сэтгэгдэл ( 0 )