.jpeg)
Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 7.8 хувь буюу 492.3 сая ам.доллароор нэмэгдэж, 6,832.8 сая ам.долларт хүрсэн үзүүлэлттэй байгаа. Энэ хугацаанд манай улс дэлхийн 140 улстай гадаад худалдаа хийсэн. Экспорт өмнөх оны мөн үеэс 357.6 сая ам.доллар буюу 10.0 хувиар, импорт 134.7 сая ам.доллар буюу 4.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм. Гадаад худалдааны тэнцэл сүүлийн дөрвөн жил дараалан ашигтай гарсан.
Гадаад худалдааны тэнцэл: Хоёрдугаар улирлын байдлаар гадаад худалдааны тэнцэл 1,045.2 сая ам.долларын ашигтай гарсан. Өмнөх оноос 223 сая ам.доллар буюу 27.1 хувиар өссөнд экспортын өсөлт нөлөөлсөн байна. Экспортын өсөлтөд чулуу нүүрсний экспорт 135.7 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 51.4 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Экспорт, импортын жилийн өсөлт: Экспорт болон импортын жилийн өсөлтийн хурдыг гурван сарын гулсах дундаж (2012.01-2019.06)-аар тооцон үзэв. 2013-2015 оны эхний хагас жил хүртэл импортын өсөлтийн хурд буурсаар ирсэн бөгөөд энэ үеэс эргэн өсөж, 2018 оны гуравдугаар улирлаас буурч байна. Харин экспортын худалдааны өсөлтийн хурд 2017 оны дөрөвдүгээр улиралд огцом буурч, 2018 оны нэгдүгээр улирлын дунд үеэс дахин өсч, 2019 оны эхний улирлаас буурчээ.
Валютын төлбөртэй барааны худалдааны тэнцэл: Валютын төлбөртэй барааны худалдааны тэнцэл зургаадугаар сарын гүйцэтгэлээр 1,100.4 сая ам.долларын ашигтай гарсан ба өнгөрсөн оны мөн үеэс 81.8 сая ам.доллароор өссөн байна.
Хөрш орнуудтай хийсэн худалдаа: Эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 65.8 хувь буюу 4,498.4 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 11.8 хувь буюу 805.2 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийсэн. Үүний дотор БНХАУ нь экспортын 90.5 хувь /3,566.5 сая ам.доллар/, импортын 32.2 хувь /931.8 сая ам.доллар/-ийг эзэлж байгаа бол ОХУ нь экспортын 0.9 хувь /36.6 сая ам.доллар/, импортын 26.6 хувь /768.6 сая ам.доллар/-ийг эзэлж байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 77.6 хувь, экспортын 91.4 хувь, импортын 58.8 хувийг хөрш орнууд эзэлж байна.
Гол нэр төрлийн эрдсийн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт нь БНХАУ-тай хийх экспортын худалдааг 7.6 хувь буюу 252.4 сая ам.доллароор нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад ОХУ-тай хийсэн импортын худалдаа 49.8 сая ам.доллар буюу 6.1 хувиар, БНХАУ-тай хийсэн импортын худалдаа 29.4 сая ам.доллар буюу 3.1 хувиар тус тус буурчээ. Монгол Улсын гадаад худалдаа хоёрдугаар улирлын байдлаар БНХАУ-тай ашигтай, харин ОХУ-тай алдагдалтай байна.

Сэтгэгдэл ( 0 )