Монгол Улс дахь худалдааг дэмжих боломжуудыг хэлэлцлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

НҮБ-ын Эдийн засаг-Нийгмийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Opportunities for Mongolia on Trade Promotion under the Belt and Road Initiative and the ePing system” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ төслийн зорилго нь “Бүс ба Зам санаачилга”-ын дагуух улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд Бүс ба Зам санаачилгын үзүүлэх нөлөөг тодорхой болгох, бодлого боловсруулагчдын чадавхыг бэхжүүлэх, боломжит үр дүнг нэмэгдүүлж, эрсдэлийг удирдах чадавхыг тодорхойлох явдал болно. Төсөлд Ази Европын нийт 14 улс хамрагдаж байгаагийн нэг нь Монгол Улс юм.

Монгол Улсын зүгээс БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилгыг дэмжиж олон удаагийн дээд хэмжээний уулзалт, хурал цуглаанд идэвхийлэн оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас дэвшүүлэн тавьсан “Хөгжлийн зам” хөтөлбөртэй уялдуулан Хятад-Монгол-Орос эдийн засгийн коридорыг байгуулах тал дээр санаачилга гарган ажиллаж байна.

Гурван улсыг дамнасан эдийн засгийн коридорыг байгуулснаар Монгол Улсын тээврийн дэд бүтэц хөгжих, гадаад худалдаанд чухал нөлөөтэй боомтууд шинэчлэгдэх, гааль хорио цээрийн дэглэм сайжирч хөнгөлөгдөх, эрчим хүчний үйлдвэрлэл, аялал жуулчлал, дэд бүтцийг дагасан худалдаа үйлчилгээ нэмэгдэх зэрэг олон давуу талууд үүснэ. Энэ нь эргээд Монгол Улсын эдийн засгийн чадавхыг сайжруулахын зэрэгцээ Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгыг биелүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж үзэж байна.

Дэлхийн улс орнууд бусад улсаас худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнд шалгуур тавих нь элбэг байдаг. Тиймээс гадаад худалдааны үйл ажиллагааг тогтвортой, саад, тотгоргүй явуулахад Дэлхийн худалдааны байгууллага болон НҮБ-аас боловсруулан гаргасан E-Ping системийг ашиглаж байна.

Энэ системийг ашигласнаар “Худалдаан дахь техникийн саад тотгорын тухай”, “Эрүүл ахуй, хорио цээрийн тухай” хэлэлцээрүүдэд тусгагдсан Техникийн зохицуулалтын төслийн талаарх мэдээлэл, мөн сонирхсон бүтээгдэхүүний талаарх мэдээлэл зэргийг худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүн хүлээн авах, саналаа өгөх боломж бүрддэг байна.

Цаашид төслийн хүрээнд Монгол улсад Бүс ба Зам санаачилгын үзүүлэх нөлөөг тодорхой болгох, бодлого боловсруулагч нарыг мэдээллээр хангах, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлоход “Бүс ба зам санаачилга” болон Тогтвортой хөгжлийн зорилго хоорондын уялдааг хангахад анхааран ажиллах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top