Өмнөд Солонгос Японы бараанд “эсэргүүцэл” зарлалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Япон улсын Засгийн газар энэ сарын 4-нөөс эхлэн Өмнөд Солонгост нийлүүлдэг хэд хэдэн бараа бүтээгдэхүүний экспортод хатуу хяналт тавих арга хэмжээ авсан билээ. Хориг арга хэмжээнд төрөл бүрийн цахилгаан хэрэгслийн хагас дамжуулагч болон дэлгэц үйлдвэрлэхэд шаардлагатай гурван төрлийн материал хамрагдсан.

Үүний улмаас Өмнөд Солонгост Японы эсрэг хөдөлгөөн өрнөж байна. Солонгосчууд япон бараа худалдан авахаас татгалзаж, хаяж эхэлжээ. SBS телевизийн мэдээлснээр Японы шар айргийн худалдаа 13 хувиар буурсан байна. Зарим ресторан цэсээсээ япон хоолыг хасжээ. Хоёр улсын харилцаа эртнээс тааруу ч япон хоол, шар айраг Өмнөд Солонгост нэр хүнд өндөр байсан.  

Цахим ертөнцөд япон барааг хаяж байгаа зураг, бичлэг гарч, "No-Yes" гэсэн уриа тархаад байна. “Үгүй” гэдэг үгэн дээр Японы далбаа, “Тийм” дээр Өмнөд Солонгосын далбаа дүрсэлсэн байгаа бөгөөд Японы бүх юмнаас татгалзахыг уриалж байгаа хэрэг юм. Японд аялах жуулчдын тоо эрч буурч, компаниуд алдагдал хүлээж байна. Сөүл дэх Японы ЭСЯ-ны өмнө өдөр бүр япон бараа хаях, жагсаал болж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Японы эдийн засаг эсэргүүцлээс болж, их хохирол хүлээхгүй. Харин цахилгаан хэрэгслийн хагас дамжуулагч болон дэлгэц үйлдвэрлэхэд шаардлагатай материал авч чадахгүй болсон БНСУ-ын компаниуд их алдагдал хүлээнэ. Японы Засгийн газар солонгосчуудын эмзэг цэгийг олж чадсан нь харагдлаа. Одоо Өмнөд Солонгосын Засгийн газар Японы эмзэг газрыг олохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top