ХОТЫН ХӨДӨӨ буюу НУТГИЙН ЗӨВЛӨЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

-Нийслэл хот бол нийтээрээ нэг дүрэм дор амьдрахыг хэлдэг. Нутгархах, хуваагдах, талцах, найраа, наймаагаа явуулах... гээд нэг л явцгүй амбициар нэгдсэн Нутгийн зөвлөлүүдийг яамаар ч юм бэ дээ?!-

Улаанбаатар хотод 2018 оны судалгаагаар 1.380.000 хүн ам суурьшиж байгаа бол  2030 гэхэд 2.1 сая, 2040 он гэхэд 2.5 сая, 2045 он гэхэд 2.8 саяд хүрэхээр төсөөлжээ. Мөн Улаанбаатар хотын автомашинжилтийн жилийн дундаж өсөлт 13 хувь  байгаагаар тооцоолбол 2025 он гэхэд нийслэлийн өрх бүр автомашинтай болох чиг хандлагатай байна. Энэ үед автозамын сүлжээний хүртээмж нэмэгдэхгүй бол замын хөдөлгөөний дундаж хурд 30 хувиар буурч, 18-19 км/цаг болох болно гэж нийслэлийн удирдлагуудын төлөвлөлтөд зориулсан суурь судалгаанд дурджээ.

Мөн нэг статистик тоог энд зориуд дурдахад нийслэлд тийнхүү суурин амьдрагсдын 52.8 хувь буюу 609 мянган хүн нь  хөдөө аймаг, өөр хотод төрснөөсөө хойш нийслэлд ирж суурьшсан хүмүүс байдаг аж. Одоо тэгвэл эдгээр суурьшсан хүмүүстэй холбоотой, хамаатай нэг асуудлаар санаа оноогоо хуваалцья.

“Нутгийн зөвлөл” гэж байгууллагуудыг бид сайн мэднэ. Аймаг аймгаар, сум сумаар нэрлэгдсэн тэдгээр нутгийн зөвлөл тухайн нутаг орондоо биш Улаанбаатар хотод л ажилладаг байгууллага. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа  “хөдөөгийнхний” нэгдэл. Түмэн зүсийн хүн хөлхсөн их хотод амьдарч байгаа хөдөөгийнхний комплекс /эмзэглэл/ гээд хэлчихэд ч болмоор үзэгдэл юм.

Өөр хаана ч байхгүй үзэгдэл гэж хэлэхээр худлаа болно. Тухайлбал, Канадад иймэрхүү орон нутгийнхны байгууллагууд байдаг аж. Мөн л томоохон хотод амьдарч буй орон нутгийн нэгдэл. Тэгэхдээ тэдний үйл ажиллагаа, нэгдсэн зорилго нь манайхаас нэлээн өөр. Тодруулбал, тэдгээр орон нутгийнхны зөвлөлүүд амьдарч буй тухайн хотын захиргаатай хамтран жилдээ нэг удаа дорвитойхон бүтээн байгуулалтыг бие даан санхүүжүүлэн хийдэг онцлогтой. Нэг ёсондоо хөдөөнөөс тэр хотод шилжин ирж, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг нь ашиглан үр шимийг нь хүртэж байгаагийнхаа төлөө “татвар” төлж буй хэлбэр аж. Та бүхэн нутаг орондоо биш энэ хотод ирж амьдарснаараа ажлын байртай, ашиг орлоготой байгаа бол нийтийн эзэмшил, хэрэгцээний төлөө хандив, тус үзүүлэх ёстой гэсэн зарчим юм. Дэлхийн олон улс оронд сайшаагддаг Канадын энэ загвар нэлээн алдартай. Тэндээс туршлага судалдаг, хуулбарлан авч хэрэглэхийг оролддог, нэг үгээр хэлбэл гадагшаа “экспортолдог” жишиг.

МАНАЙХНЫ НУТГИЙН ЗӨВЛӨЛӨӨС ОГТ ӨӨР БАЙГАА БИЗ?!

Улаанбаатар хотын зах зээл, нийтийн эзэмшил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, бусад үйлчилгээг хүртэн аж төрж байгаа оршин суугчдад ямарваа нэгэн хариуцлагын тогтолцоо манай нийслэлд үгүй. Дэлхийн зарим улс орны нийслэлүүд оршин суугчийн татвартай байдаг. Тэгж байж дараа нь цэвэр тохилог, аюулгүй орчин, чанартай боловсрол, эмнэлэг үйлчилгээг шаарддаг.

Харин манай нийслэлд  уугуул, суугуул иргэдийн ухамсар, хариуцлагыг дээшлүүлэх эдийн засгийн хөшүүрэг огт үгүй. Хотын түгжрэл, бухимдал, утаа... эмнэлэг, сургуулийн ачаалал гээд асуудлыг шийдвэрлэж чадах өөрийнх нь потенциалаас хэдэн арав дахин нэмэгдүүлж буй оршин суугчид, шилжин ирэгсдэд үйлчлэх эдийн засгийн хариуцлага алга.

Дуртай үедээ нүүж ирээд дуртай газраа гэрээ бариад нийслэлийн нийгмийн үйлчилгээнээс хүртэж буй шилжин ирэгсдээс үүнийх нь төлөө хураамж авдаг байсныг олон жилийн өмнө хүний эрхийг зөрчсөн хэмээн үзэж болиулсан байдаг. Өнөөдөр нийслэлийн хотын ачаалал, асуудлыг нэмэгдүүлж байгаа ч давуу талыг нь хүртэж суугаа орон нутгийнханд татвар, татаасын асуудал ярих нь утгагүй л байх. Гэхдээ Улаанбаатарт байдаг энэ олон нутгийн зөвлөлүүд арай өөр байж болох эсэх асуудлыг хөндмөөр л санагддаг.

Тэдгээр нутгийн зөвлөлүүд нутгийн бөхөө улсын цолонд хүргэх найраа, наймааг өрнүүлдэг, цолонд хүрсэн бөхөө өндөр бай шагналаар урамшуулдаг. Ингээд харахаар тэдгээр нутгийн зөвлөлүүд шиг мөнгөтэй нөхөд үгүй. Чухам үүгээрээ өөр хоорондоо өрсөлддөг нь ч ил тод. Өчнөөн олон жил үргэлжлэн уламжлал болж тогтсон энэ байдлаас нь өдгөө хүмүүс залхаж эхэлж байна.

Нутгийн зөвлөл юм бол нутаг орныхоо сайн сайхны төлөө, байг гэхэд сумынхаа эмнэлэг, сургууль, ирээдүй хойчдоо хөрөнгө оруулалт хийгээсэй гэж харах, хүсэх хүмүүс олширч байна. Нэг үгээр бол нутгийн зөвлөлүүдийн олон жил үргэлжилсэн хэв маяг хуучирч хоцрогдож байгааг л хэлээд буй хэрэг. Нутаг орондоо ч сэтгэлгүй, нийслэл хотдоо ч нэмэргүй Нутгийн зөвлөлүүд нэг л биш ээ. Канадууд шиг нийслэлдээ бүтээн байгуулалт санхүүжүүлэхээ больё гэхэд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад нийслэл хотын соёлд суралцахыг уриалж болмоор санагдах юм. Аймгаас шилжин ирэгсдээрээ бүлээ нэмж, нутгархах талцах хандлагаа дэвэргэн тэжээж байхаар тэднийгээ хотын соёл, амьдралд сургахад анхаарч болохгүй гэж үү?!

Нийслэл хот бол нийтээрээ нэг дүрэм дор амьдрахыг хэлдэг. Нутгархах, хуваагдах, талцах, найраа, наймаагаа явуулах... гээд нэг л явцгүй амбициар нэгдсэн Нутгийн зөвлөлүүдийг яамаар ч юм бэ дээ?!

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УБ(139.5.217.185) 2019 оны 07 сарын 05

УБ одоо эрүүл ахуйн хувьд хортой хот болсон гэдгийг сая гурван зуу мянган хүнд ойлгуулах хэрэгтэй.

0  |  0
zochin(202.9.44.187) 2019 оны 07 сарын 04

huduuni maluudig huduuruu ni yavuul

0  |  0
zochin (202.21.115.35) 2019 оны 07 сарын 03

Ulaanbaatariin Durem- Shalguur deg Barimttai teriig hun bur murddug bmaar. Aimguudad uuniigee taniltsuulj nuuj irj bui ailuud Shalguuh hangaj bga esehee tendee medej avdag Surahaar irj zaluuchuud n bas taniltsaad medeed avsan bval ih Amar bolohson.

0  |  0
Top