ЗИНДАА 2019.05.27 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

#1  ТУУЛЫН БУРГАСАНД ТУЙЛЖ БУЙ “ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ” ТӨРИЙН ШИЙДВЭРИЙГ ҮЛ ХЭРЭГСЭЖ БАЙНА

Төрийн тусгай хамгаалалттай газар нутаг болох Туул голын эрэгт аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар 2008 онд газрын зөвшөөрлийг нь авч, улмаар 2014 оноос барилгын ажил эхлүүлж, үүндээ эргийн мод бут, бургасыг  хөрстэй нь тэгшилсэн “Зүүнбаян Рефайнери”  компанийн эл үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр зогсоож, газар эзэмших эрхийг нь цуцалсан юм. Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол ажиллаж байсан бөгөөд түүний дараа ажлыг хүлээн авсан Н.Цэрэнбат сайд ч дээрх шийдвэрийг өөрчлөөгүй байна. Гэвч “Зүүнбаян Рэйфанери” компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна гэдэг шүүмжлэл Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайханыг томилогдсоноос хойш буюу энэ хавраас эрс идэвхжсэн юм. Учир нь “Зүүнбаян Рэйфанери” компани нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай хамаарал бүхий компани байгаа нь асуудлыг улам ноцтой болгосон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн удирдлагуудын шуурхай зөвлөгөөнөөр дээрх компанийн асуудлыг ярилцсан байдаг. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан зохих зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж, мод бутыг устгаж байгаа “Идэр интернэйшнл”, “Зүүнбаян Рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг хууль шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл түр зогсоохыг үүрэг болгожээ. Шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл... гэдэгт учир бий. “Зүүнбаян Рефайнери” компани газрын зөвшөөрлийг нь цуцалсан шийдвэрийг эсэргүүцэн 2018 оны тавдугаар сард шүүхэд хандсан нь өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 НЭГИЙН ЭСРЭГ НЭГДЭЛ

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн товыг энэ оны зургадугаар сарын 30 гэж тогтсон. Үүнээс яг жилийн дараа болох УИХ-ын ээлжит сонгуулийн өнгийг тодорхойлох учраас нөхөн сонгуульд өрсөлдөх улс төрийн хүчнүүд бүгд айдас, хүйдэстэй байгаа бололтой. Учир нь нөхөн сонгуульд унасан намын рейтинг өнөөдрийнхөөсөө унах эрсдэл бий. Иргэдийн дунд аль нам, хэн гэдэг улстөрчийн чансаа аль түвшинд байгааг тогтоох барометр нь энэ удаагийн нөхөн сонгууль болно гэсэн үг. Өвдөг шороодох эрхгүй нөхөн сонгуульд өнөөгийн улс төрийн тавцан дээр идэвхтэй байгаа МАН, АН, МАХН гурван намын дунд гол өрсөлдөөн өрнөх нь тодорхой бөгөөд одоогоор хоёр ч нам нь даргаа дэвшүүлэх гэж байна. МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар нэр дэвших шийдвэр гаргасан нь олноо ил болжээ. Өөрөөр хэлбэл унах эрхгүйг ухамсарлаж байгаа учраас хамгийн том модоо гаргаж ирэх, эцсийн найдвар мэхээ хийхээр шийдсэн гэсэн үг. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3  ДОНАЛД ТРАМП СҮМОГ ДЭЛХИЙД СУРТАЛЧИЛЛАА

​​​​​​​

Доналд Трамп Бөхийн ордонд очиход тэр үед Японд зурагт үзэж байсан хүмүүсийн 26.3 хувь нь Эн Эйч Кэй телевизэд сувгаа тааруулсан бол Асаноямад цом гардуулах мөчид энэ тоо 30.6 хувь болон өссөн байна. Мөн Ерөнхийлөгч Трампын твиттертээ оруулсан сүмо үзэж байгаа бичлэгийг одоогийн байдлаар 2.5 сая хүн үзжээ. Шагнал гардуулах үеэр Трампын уянгалуулан хэлсэн “Аасааноояма”, “Рэйвааа”, “Сүмоо чемпиооон” гэсэн үг япончууд төдийгүй дэлхий дахинд ихэд таалагдаж, Асанояма бөмбөрцгийн хүн болон хувирсан. Хэрэв түүний оронд монгол бөх түрүүлсэн бол Монгол Улсын том сурталчилгаа явагдах байлаа. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4   СОНГУУЛЬ УГТСАН ТӨСВИЙГ ХАЗААРЛАЖ СУРЪЯ

Сонгуулийн өмнөх жил задарсан, хальсан төсөв батлагддаг жишиг манайд тогтсон. Ирэх 2020 оны Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал санхүүжилтийг 10 их наяд давуулан хэлэлцэж буй нь угтаа бол сонгууль угтан батлах төсвийнхөө зардлыг багцаалж байна гэсэн үг. Хэдийгээр Үндсэн чиглэлд тусгагдах зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд төсвөөс нэг их наяд гаруй төгрөг авна гэж байгаа ч хэрэг дээрээ төр, хувийн хэвшлээс босгоно гэж буй зургаан их наядын хэдэн хувь нь улсын төсвөөс гарахыг хэлж мэдэхийн аргагүй л дээ. Уг нь 2018 оны Улсын төсвийн орлого 10 их наяд төгрөг давж, төсвийн тэнцэл сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа ашигтай гарсныг Сангийн сайд онцолж байсан. Сүүлийн 10 жилд төсвийг жил бүр 1-3 удаа  тогтмол тодотгож ирсэн. Орлого хийгээд зарлагаа зөв тооцож чадахгүй байгаа учраас л төсвийг тодотгодог гэж тэрбээр хэлж байсан. Энэ 2019 онд ч тодотгохгүй гэсэн байр суурь Сангийн яаманд бий ч, сонгуулийн жилийн төсвийн зарлагыг томруулж тооцож батлуулвал энэ жил тодотгосноос ямар ч ялгаагүй асуудал болж хувирах юм. Бид өнгөрсөн оны төсвийн ололт амжилтын талаар ярихын зэрэгцээ өнгөрсөн жилүүдэд алдаа оноогоо ч санаж байх ёстой. Жилийн жилд төсөв батлахын өмнөх сар орчмын хугацаанд л төсвийн тухай сэдэв халуун байдаг. Уг нь төсвийг үйлдэх процесс бүтэн жилийн туршид явагдах ёстой. Төсөв батлагдсны маргаашнаас эхлээд л бодлого боловсруулж, шийдвэр гаргагчид дараагийн жилийнхээ төсвийн сахилга бат, эрүүл саруул байдлын төлөө анхаарч орлого, зарлагынхаа тэнцвэрийг зохистой түвшинд барихад ямар арга хэмжээнүүдийг авах ёстой вэ гэдэгт шийдвэрээ хандуулах ёстой ч, тэгдэггүй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5  Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН НАРЫН ХЯЗГААРГҮЙ ЭРХ МЭДЭЛ, ХАЗААРГҮЙ ШУНАЛ

Хорвоо дэлхийн бүх баялгийг зөвхөн өөрийнх гэж өмчилж, залгидаг ховдог, хомхой сэтгэлтний тухай түүхийг бид зөвхөн мангасын үлгэр л гэж гэнэнээр итгэдэг байлаа. Гэтэл өдгөө бүх баялгийг цөөхөн хүн тонон дээрэмдэж, эзэрхэн эзэмшиж болдог хүйтэн цуст капитализмын эрин зуунд бид аж төрж байна.  Хэн зальтай, хүчтэй, ичгүүр сонжуургүй, түрэмгий нь бусдынхаа баялгийг булаан эзэмшиж, засаглан ноёлдог энэ тогтолцоо хүй нэгдэл, боолын нийгмээс ялгагдаад байх юмгүй аж. Харин ч илүү боловсон, илүү харгис, илүү зохион байгуулалттай болсноороо илүү бурангүй байж мэднэ. Ийм нийгэмд илүү зальтай, хүчтэй, ичгүүр сонжуургүй, түрэмгийнүүд нь товойн ялгардаг бололтой юм. Тиймдээ ч тэднийг баруунд мафи гэж нэрлэдэг. Үгсэн хуйвалдан, сэмээр тохиролцсон, эрх ашгаар холбогдсон, баялгийн төлөө юу ч хийхээс буцахаа байсан бүлэглэл гэсэн үг л дээ. Шударга ариун хөдөлмөр, тэгш боломж, хуулийн засаглал бол тэдний бодож олсон гаргууд сайн заль мэх байхыг ч үгүйсгэхгүй ээ. Учир нь хүн төрөлхтөн саяхнаас л Ротшильд, Рокфеллер нарын жинхэнэ дүр төрх, мөн чанарыг ойлгож “Тэд агуу их эд баялгийг цуглуулж чадсан суутнууд мөн боловч энэ нь харгис түрэмгий, өршөөл энэрэлгүй, хүйтэн цэвдэг байсных нь шагнал байжээ” гэдгийг ухаарч байгаа билээ.

Тэд чухамдаа хэчнээн энгийн номхон ард иргэдийн нус нулимс, цусыг асгаруулан байж эд баялгийн цамхагаа босгосон бэ, тэд хэчнээн улс орон, уул нутгийг аймшигт савраараа хаман авч сүйрүүлсэн бэ гэдгийн төлөөсийг өнөөдөр хэн ч тооцож чадахгүй.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top