Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /БОАЖЯ/ Хаан танхимд өнөөдөр /2018.10.30/ Монгол-Чехийн хамтарсан “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийн удирдах хорооны хурал боллоо.
Ойн бодлого зохицуулалтын газрын дарга албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оюунсанаа, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Г.Түвшинжаргал, Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын дарга П.Энх-амгалан, Чех улсын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран 2015-2018 оны хооронд ойн төслийг хэрэгжүүлж дуусаад байна. Тус төслийн хүрээнд орон нутгийн ойн хөгжлийн төлөвлөгөө болон ойн тогтвортой менежмент бий болгох, модны үр бэлтгэх арга барилд сургах, жишиг болсон хоёр ойн үржүүлгийн газар байгуулах, ой модны нэг шилмэл үрийн цэцэрлэг байгуулах, ой модыг нөхөн сэргээх ба цаашдын арчилгааны болон багш нарт зориулсан сургалт явуулах, орон нутгийн ТББ-ийн олон нийттэй хамтран ажиллах чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Монгол оронд хэрэгжсэн энэхүү төсөлд Ой судалгаа хөгжлийн төв, Дарханы ХААИС, бизнесийн сургууль, Хонгорын ойн анги, Монголын хөдөө аж ахуй хоршоологчдын үндэсний холбоо, Домогт шарын гол болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажилласан байна.
Энэхүү төслийн гол зорилго нь 3000 га талбай бүхий жишиг болсон газарт Ойн менежментийн төлөвлөгөөг бий болгох явдал юм. 10 жилийн хугацаатай ойн менежментийн төлөвлөгөө нь Монгол дахь “жижиг ойн аж ахуй” зарчмыг хэрэгжүүлэх хэтийн төлөвийг харуулахад оршиж байгаа юм.

Бүгд найрамдах Чех улсын элчин сайд Ийржи Бродский: Энэ төслийн хүрээнд Монгол, Чехийн судлаачдын харилцаа улам батжиж байна
-Энэ төсөл маань 4-5 жил үргэлжилсэн Чехийн хамтын ажиллагаанд маш чухал төсөл юм. Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт 1 сая 300 мянган америк долларын төсөл байлаа. Төсөл маань Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хэрэгжсэн. Тус төслийн хүрээнд мод үржүүлэх газар байгуулсан төдийгүй тухайн хэсгийн ойн орчны генийн санг судалсан. Судалгаа явуулхаас гадна яаж ойг нөхөн сэргээх үү? гэх мэт ойтой холбоотой олон төрлийн сургалтуудыг хийсэн байдаг.
-Та сая Генийн сангийн судалгааны талаар ярьлаа. Энэ талаар тодруулбал?
-Монголын ой Унгар, Польш, Чех улсын ойнуудыг нийлүүлсэнтэй тэнцэх том газар нутгийг эзэлдэг. Тиймээс хэдхэн жилийн дотор судалгаа хийгээд тодорхойлчихно гэж байхгүй. Төслийн хүрээнд суурь үндсийг тавиад, тодорхой зүйлүүдийг нь судалсан гэж хэлж болно. Цаг уурын өөрчлөлт нөхөн сэргээлтийн нөхцөл байдал, өнөөгийн нөхцөл байдал гэх мэт зүйл дээр нь туслахыг хичээсэн гэсэн үг.
-Шарын голд алт олборлогчид болон уурхайчид их байдаг. Та бүгдийг очиход энэ газар нөхөн сэргээлтийг хэр түвшинд хийсэн байсан бэ?
- Энэ асуултын хувьд манай төслийн удирдагч илүү тодорхой хариулах байх. Би хэдийгээр Шарын голд биеэрээ очиж байсан ч гэсэн яг тодорхой зүйлийг мэдэхгүй байна. Гэхдээ алт олборлогчид ойн нөхөн сэргээлтийн асуудалд тодорхой оролцохгүй байгаа гэж бодож байна. Энэ төслийн хүрээнд Монгол, Чехийн судлаачдын харилцаа улам батжиж байна. Бид Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн их сургуультай хамтарч ажиллаж байсан. Оюутнууд хоорондын холбоо, сургуулийн хоорондын холбоо батжиж байна гэдэг нь миний хувьд маш чухал юм. Чех улсын зүгээс төслийн үр дүн өшөө цаашаа үр дүнтэй үргэлжлээд яваасай гэж бодож байна. Тэгэхийн тулд дэлхийн ногоон хөгжлийн фонт болон өөр бусад сангуудаас тодорхой хөрөнгө сан бүрдүүлээд суурийг нь тавьсан зүйлийг маань үргэлжлээд яваасай гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна, энэ тал дээр мөн адил дэмжин ажиллах болно.

-Төсөл удирдагч Ричард Слаби энэ талаар:
-Алт олборлогч нарын хувьд зөвшөөрөлтэйгөөр алт олборлож байгаа том компаниуд нь өөрсдөө нөхөн сэргээлтийг тодорхой хэмжээнд хийдэг. Гэтэл гар аргаар алт олборлогч нар нь томоохон компаниудын янзалсан талбайг эргэж ухаад түүнээс болж нөхөн сэргээлт нь үр дүнгүй болоод байна. Бэлчээрийн талбайд алт олборлож байгаа учраас маилчид бэлчээргүйн улмаас ой руу орохоос өөр сонголтгүй болдог. Хэдийгээр монголын хуулиар мал ой модонд бэлчиж болохгүй боловч бэлчээргүй учраас тийшээ орохоос өөр арга байхгүй байна.

Сэтгэгдэл ( 1 )
NOGOON HEREM SHIG SHAHAANII BIZNES BOLOHVII