Дэлхийн шилдэг кино /цуврал/: Мюнхен

Автор | Zindaa.mn
2014 оны 06 сарын 04

Төрөл: Триллер, драм

Найруулагч: Стивен Спилберг

Продюсер: Кэтлин Кеннеди, Бэрри Мендел

Кино зохиол: Эрик Рот, Жорж Йонас

Гол дүрд: Эрик Бана, Дениэль Грэйг, Хиндс Матье

Зураглаач: Януш Камински

Хөгжмийн зохиолч: Жон Уиллиамс

Бүтээсэн компани: Universal Pictures, Dreamworks Pictures

Хугацаа: 164 мин

Төсөв: 75 сая ам.доллар

Бүтээсэн улс: АНУ

Бүтээсэн он: 2005

2005 онд нэрт найруулагч Стивен Спилбергийн бүтээсэн энэхүү кинонд Мюнхений олимпийн наадмын үеэр болсон аймшигт аллага, террорист халдлагын тухай өгүүлнэ. Террористуудтай Израилийн тусгай албаныхан хэрхэн тэмцэж байгааг ч харуулна. Кино нь 78 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос дээд шагналыг хүртсэн. Киног сэтгүүлч Жорж Жонасын “Vengeance: The True Story of an Israeli Counter-Terrorist Team” хэмээх номноос сэдэвлэн бүтээсэн. Энэ зохиолоор 1986 онд найруулагч Меч Гедеон телевизийн кино бүтээж байжээ.

Үйл явдал:

Энэ триллер кино нь 1972 онд зохиогдсон Мюнхений Олимпийн үеэр болсон террорист халдлагын үеэр амь насаа алдсан Израилийн 11 тамирчин болон уг үйл явдал чухам хэрхэн өрнөсөн тухай түүхэн үнэнийг харуулдаг. Түүнчлэн нөгөө талаасаа 11 алан хядагчийг устгах, тэдний цуст гэмт хэргийг таслан зогсоох даалгавар авсан тусгай группын нууц ажилтнуудын үйл хэргийн тухай харуулдаг билээ. Жүжигчин Эрик Бана нь уг ажиллагааг удирдан зохион байгуулсан Моссадын нууц ажилтны дүрд тоглодог. /Киноны үйл явдлаас илүүтэй тэр өдөр чухам юу болсон талаарх түүхийг үргэлжлүүлэн та бүхэнд хүргэх болно. Орч/

Стивен Спилберг энэ киног 2003 онд бэлтгэл ажлыг дуусгаад 2004 онд дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байжээ. Гэтэл Том Круз тухайн үед “Дэлхийн дайн”-д тоглох гэрээг найруулагчтай хийсэн байсны улмаас бүтэн нэг жилээр хойшлон 2005 онд хийж дуусгасан байна. Анх Жеффри Рашийн бүтээсэн дүрд Бен Кингсли тоглохоор гэрээгээ хийгээд байсан ч найруулагч шийдвэрээ гэнэт өөрчилж Жеффрид дүрийг өгчээ. Үүнээс болоод Бен зургийн талбайг орхисон хэдий ч Спилбергтэй шүүхээр маргааны шийдүүлэн зургийн багийнхнаас 100,000 ам.доллар салган оджээ.

Мальтад болсон зураг авалтын үеэр санаандгүй байдлаар зурганд ашиглаж байсан ачааны тэрэг шатжээ. Орон нутгийн цагдаагийнхан уг хэргийг шалгасан бөгөөд энэ нь олон хүний бодож байсан шиг террорист халдлага биш байжээ. Зөвхөн Мальтын тэрхүү аагим халуунд генераторт гэмтэл гарснаар тийнхүү гэнэт гал алдсан гэжээ. Кино зохиолч Тони Кишнег эхэндээ уг киноны зохиолыг бичихээс татгалзаж байжээ. Учир нь тэрхүү аймшигт түүхийг түүнээс илүү ихийг мэдэх хүн оролдсон нь дээр гэж үзэж байлаа. Харин найруулагч болон хэд хэдэн түүх судлаачидтай уулзсаныхаа дараа тэр бодлоо өөрчилжээ. Зохиолын хувьд анх гурван ч хувилбар гараад байсан гэдэг. Эрик Росс ч кино зохиолоо найруулагчид санал болгоод байсан аж. Гэхдээ түүний зохиолыг Тони Кишнерээр баяжуулснаар эцсийн бүтээл хийх зохиол бэлэн болсон юм. Бас сонирхолтой мэдээг дуулгахад кинонд Гури Уэйнберг нь төрсөн эцгийнхээ дүрд тогложээ. Түүний аав нь тухайн үйл явдлын үеэр амиа алдсан нэрт тамирчин байжээ. Ингээд одоо та бүхэнд үйл явдлын бодит түүхээс тоймлон хүргэе.

Мюнхений Олимпийн аллага…

Энэ хадлага, аллагыг Палестиний радикал үзэлтэй байгууллагын алан хядагчид үйлдсэн байна. Хадлагын дүнд Израилийн Олимпын шигшээ багийн нийт 11 хүн амь насаа алдсан билээ. Үүнд дөрвөн дасгалжуулагч, таван тамирчин, хойр шүүгч өртсөн байна. Түүнчлэн Германы нэгэн цагдаагийн ажилтан амиа алдсан аж.

Барьцаа ба шаардлага

1972.09.05-ны өглөөний 04:10-т Палестинийн “Хар есөн сар” хэмээх байгууллагын зэвсэглэсэн найман этгээд Мюнхены Олимпийн тосгон дахь Израилийн тамирчид байрлаж байсан хэсэг рүү нэвтэрчээ. Тэд газар дээр нь хоёр тамирчинг буудан хороогоод наймыг нь барьцаанд авчээ. Алан хядагчид 09:00 цагаас эхлэн тулган шаардлагаа тавьж эхэлсэн бөгөөд ингэхдээ Израилийн шоронд хоригдож байгаа “Палестинийг чөлөөлөх хөдөлгөөн”-ий 232 улс төрийн гэмт хэрэгтэн мөн Германы хоёр террорист болон Баруун Европод хоригдож буй 16 хоригдлыг яаралтай сулла хэмээн шаардаж байлаа.

Үүнтэй холбоотой тухайн үед Израилийн засгийн газрын тэргүүн байсан Голди Меир шаардлагыг хүлээн аваагүй бол ХБНГУ-ын Дотоод явдлын яамны сайд асан Ханс-Дитрих Геншер алан хядагчидтай тохиролцох талаар үдэш болтол ярилцсан байна. Хэлэлцээрийн үеэр Олимпийн тосгоны мэр Вальтер Трегер, Германы Олимпийн хорооны тэргүүн Вилли Дауме болон Баварын дотоод явдлын яамны сайд Бруно Мерк нар тамирчдын оронд өөрсдийг нь барьцаалахыг хүссэн алан хядагчид хүлээн аваагүй ажээ.

Амжилтгүй болсон оролдлого  

      Удалгүй алан хядагчид барьцааны хүмүүсийнхээ хамт Олимпийн тосгоноос автобусаар гарч нисдэг тэргэнд суун Мюнхений Фюрсренфельдбрук дахь цэргийн нисэх онгоцны буудалд иржээ. Тэнд тэднийг Каир руу нисэх  Boeing-737  онгоц хүлээж байсан байна. Гэтэл алан хядагчдын толгойлогч Сади хэмээгч нэгнийхээ хамт уг онгоцонд суусан ажээ. Гэтэл гэнэт онгоц дэлбэрснээр тэдний төлөвлөгөө нурлаа. Уг онгоц руу орсон хоёр этгээд энэ нь занга байсныг мэдэнгүүтээ тэр даруй хоосон онгоцноос үсрэн буусан даруйд бүгд цагдаагийнхны эсрэг гал нээж эхлэв.

Буудалцаан дундаа хэсэг завсарласныг эс тооцвол ойролцоогоор цаг гаран үргэлжилжээ. Буудалцаан намжих үеэр цагдаагийн мэргэн буучдын сум дууссан бөгөөд тэд бусдадаа алан хядагчид бүгд үхсэн, одоо айх зүйл байхгүй боллоо гэсэн ташаа мэдээллийг өгчихсөн байна. Гэтэл удалгүй цагдаагийн нэмэгдэл хүч ирэхэд айж цочирдсон алан хядагчид барьцаанд байсан бүх хүнийг буудан хороожээ. Тэднийг нисдэг тэргэн дотор алсан. Харин нөгөө нисдэг тэргийг нь тусгай ажилчид гар бөмбөгөөр устгаж чадсан байна.

Анх барьцааны хүмүүсийг бүр зочид буудалдаа байхад нь суллах төлөвлөгөөтэй байв. Гэтэл ажиллагаанд зүгээр эргүүлийн цагдаа нар оролцож харин тусгайгийнхан учир битүүлэг шалтгаанаар хэргийн газарт ирээгүй гэнэ. Тэгээд ч Мюнхен хот тухайн үед ийм алан хядах ажиллагаанд оролцох хэмжээнд бэлтгэгдсэн тусгай албагүй ч байжээ. Иймээс тэд түүхэндээ томд тооцогдох алдаа гаргасан тул ийнхүү барьцааны хүмүүсийг аварч чадаагүй. Цагдаа нарын буу нь гэхэд л дурангүй, энгийн хэрэглээний винтов байсан гэдэг. Зочид буудалд аврах ажиллагааг явуулаагүй. Дээд албаныхан хэлэлцээрт хүрнэ хэмээн тэднийг тосгоноос гарган явуулсан нь хамгийн том алдаа. Алан хядагчдаас тав нь алуулж гурав нь баривчлагдсан.

Дараагийн өглөө эмгэнэлт явдалд зориулан Герман даяар гашуудлын нэг өдрийг зарлажээ. Мюнхений сонгодог оркестр, дуурийн театр Бетховений “Эгмонт”-ийг тоглов. Ингээд түүхэндээ анх удаа Олимпийн тоглолт бүтэн нэг өдөр завсарлаад цааш үргэлжилсэн. Харин дахин эмгэнэлт байдалд өртөхөөс сэрэмжилсэн Израилийн тамирчин маш яаралтай нутаг буцсан юм. Түүнчлэн тэдэнтэй хамт Алжир, Египт, Голланд, Филиппин болон АНУ баг тамирчид ч Олимпийг үргэлжүүлэхээс татгалзсан.

Израилийн тагнуулын “Моссад” байгууллага өөрийн орны ерөнхий сайдаасаа авсан тусгай даалгавраар алан хядах ажиллагаатай холбоотой бүхнийг илрүүлэх ажлыг Мюнхенд үргэлжлүүлэн явуулсан билээ. Тэдний зорилго нь барьцаанд байсан хүмүүсийг хороосон алан хядагчидтай холбоотой хүн бүрийг илрүүлж газар дээр нь устгахад оршиж байсан гэдэг. Харин Олимпийн тоглолтын дараа Мюнхенд алан хядах үйл ажиллагаатай тэмцэх зорилго бүхий тусгай алба байгуулагджээ. Энэ ч утгаараа 1977 онд Сомалийн Могадишо нисэх онгоцны буудалд “Люфтганза”-гийн онгоцыг барьцаалсан хэргийг тэд амжилттай удирдан зохион байгуулсан байна.

Амь насаа алдсан хүмүүсийн нэрс:

/Жич: Энэ зураг дээр Олимп тосгонд ирсэн анхны өдрөө авахуулсан Израилийн тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ байна. Орч/

  1. Йосеф Гутфройнд /40 нас/-бөхийн шүүгч
  2. Йосеф Романо /31 нас/-штангчин                        
  3. Мойше Вайнберг /33 нас/-бөхийн дасгалжуулагч
  4. Давид Бергер /28 нас/- штангчин
  5. Зеев Фридман /28 нас/-штангчин
  6. Элиэзер Халфин24 нас/-бөх
  7. Амицур Шапира /40 нас/-хөнгөн атлетикийн дасгалжуулагч
  8. Кехат Шор /53 нас/-буудлагын дасгалжуулагч
  9. Марк Славин /18 нас/-бөх
  10. Андре Шпитцер /27 нас/-хөнгөн атлетикийн дасгалжуулагч
  11. Иаков Шпрингер /51 нас/-хүнд атлетикийн дасгалжуулагч

S.S.Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top