Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүний 2025 оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 518 дугаар захирамжаар дээрх хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулж, ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Бум-Очир, А.Ганбаатар, Б.Жаргалан, П.Сайнзориг, А.Ундраа, С.Цэнгүүн, Л.Энхнасан, Б.Нарантуяа-Нара нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулжээ.

Ажлын хэсэг тамхины хэрэглээг бууруулах, хүн амыг тамхи болон никотины хамаарлаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах, электрон болон шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хүүхэд, өсвөр үе, залуучуудыг тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, тамхинаас гарах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих, тамхины хяналтын тогтолцоо, хяналт, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, судалгаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгахаар зарчмын зөрүүтэй 47 саналыг боловсруулсан байна.

Тухайлбал, тамхи, тамхин бүтээгдэхүүний талаарх нэр томьёо, ойлголтыг боловсронгуй болгож, электрон тамхи, халаадаг тамхи, усан тамхи болон никотин агуулсан шинэ төрлийн бүтээгдэхүүнийг тамхин бүтээгдэхүүний ангилалд хамруулж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналыг боловсруулсан байна.

Тамхин бүтээгдэхүүнд ногдох никотины хувь хэмжээ болон зурагт анхааруулгын стандартыг техникийн зохицуулалтад нийцүүлж түүнийг баримтлахаар тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Тамхины хяналтыг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагын үүргийн зохицуулалтыг холбогдох хуульд нийцүүлж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэгт тамхины хамаарлаас гарах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тамхины хэрэглээ болон тамхины хяналтын талаар хүн амд чиглэсэн сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагааг зохион байгуулах үүргүүдийг нэмж тусгахаар холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг боловсруулжээ.

Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цахилгаан халаадаг тамхийг янжуур тамхитай адилтган нэг төрөлд оруулж татвар ногдуулж байсныг тусад нь ангилах, аманд уусгах, зажлах зориулалттай тамхин бүтээгдэхүүнээс онцгой албан татвар ногдуулахаар нь оновчтой гэж үзсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхин бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн талаарх зөвлөмжийн дагуу 5 жилийн хооронд үе шаттайгаар нэмэгдэх онцгой албан татварын хэмжээг 60 хувьд хүргэхээр тооцож, холбогдох саналын томьёоллоор санал хураалт явуулсан гэв.

Тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулахдаа ялгамжтайгаар тогтоох, никотин агуулагдаагүй тамхи татах төхөөрөмж, түүний эд ангид онцгой албан татвар ногдуулахгүйгээр тусгах нь оновчтой гэж үзсэн байна.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Импортын гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд бүтээгдэхүүний нэр томьёог нийцүүлж, үндэсний ангиллын кодыг шинэчлэн тусгах нь зүйтэй гэж үзжээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Д.Пүрэвдаваа, М.Нарантуяа-Нара, П.Наранбаяр, Ө.Шижир, А.Ариунзаяа, Б.Жаргалан, А.Ганбаатар, М.Мандхай, О.Номинчимэг нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав.

Хэрэглэгчдийн хүрээг өргөжүүлэхгүй байх чиглэлээр ямар зохицуулалт тусгасныг гишүүд тодруулахад “Тамхи, тамхин бүтээгдэхүүний үнэр, амтыг хорих саналыг Байнгын хороо дэмжсэн. Никотин агуулж байгаа бүтээгдэхүүнийг өсвөр насандаа хэрэглэх нь донтолт үүсгэх хамгийн том эрсдэл гэж үздэг. Энэ нь нотлогдсон зүйл, маргаан байхгүй. Өсвөр насандаа тамхи, никотин агуулсан аливаа төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах нь никотины хамааралтай болох, донтохоос сэргийлэх хамгийн үндсэн арга. Энэхүү хуулийн төслийн зорилго ч өсвөр насны хүүхдүүдийг тамхи, никотины хамааралтай болохоос сэргийлэх юм. Төсөлд тусгагдсан хяналтын нэг том арга зам бол худалдааны байгууллагуудад ил байршуулахгүй байх гэж үзээд, төсөлд тусгахаар санал оруулсан. Ил тавихыг хориглосноороо маркетингийн хувьд сонирхол татах өнгө, үзэмж, үнэр, зураг дүрсээр хүүхдүүдийг уруу татах энэ байдлыг хорихоор зорьж байна” гэдэг хариултыг Ж.Чинбүрэн гишүүн өгсөн. Өсвөр насныхныг тамхинд оруулахгүйн тулд тамхийг 5 төрлөөр ялгаж, бүгд никотин агуулдаг гэдгийг ойлгуулах, улмаар татваруудыг нэмснээр санхүүгийн хязгаарлалт үүсгэн хэрэглэх боломжийг хорих нотлогдсон сайн аргыг нэвтрүүлэхийг зорьсон гэв. Санхүүгийн хөшүүргээр хэрэглээг 15 хувиар бууруулсан талаарх судалгааны талаар мөн дурдаж байлаа.

Химийн аргаар никотины хэрэглээг хангах аливаа бүтээгдэхүүнд төрөөс бүрэн хянах боломжгүй гэдэг утгаар зарим улс бүрэн хориглож байгаа жишээг гишүүд дурдаад, энэ төрлийн бүтээгдэхүүнээр дамжин сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хэрэглээнд нэвтрэх эрсдэл бий эсэхийг тодруулсан. Вэйп тэргүүтэй цэнэглэдэг бүтээгдэхүүнийг “задгай систем” гэж нэрлээд байгаа хэмээгээд Ж.Чинбүрэн гишүүн “Задгай систем учраас дотор нь юу ч хольж болно. Тэр утгаараа мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй бодисыг холиод хэрэглээд явж буй эсэхийг ялгах боломжгүй. Тийм учраас Монгол Улсад “задгай систем” буюу цэнэглэдэг тогтолцоог бүрмөсөн хориглох зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээрээ цахилгаан, халаадаг гэх зэрэг аливаа бүтээгдэхүүнд элдэв бодис холих боломжийг хориглож байгаа. Нэг удаагийн хэрэглээний тогтолцоо, систем нь нэг нэгнээ дэмжихгүй, задлаад угсрах тохиолдолд ажиллахгүй үйлдвэрийн хамгаалалттай байдаг юм байна. Энэ утгаараа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх төрлийн төрлийн зүйлийг нэмэх боломжгүй төрлийг Монгол Улсад зөвшөөрнө гэж ойлгож болно” хэмээсэн.

Өсвөр насны хүүхдүүдийг хамгаалах зорилго нь зөв хэдий ч насанд хүрэгчдийн хэрэглээний сонголтыг хязгаарлаж буй эсэхээ нягталсан эсэхийг, дагаад хориглож буй бүтээгдэхүүний сүүдрийн зах зээл үүсгэх эрсдэлийн талаар судалсан эсэхийг М.Нарантуяа-Нара гишүүн тодруулахад “Тал бүрээс нь судалж үзсэн хэдий ч тэргүүлэх бодлого, зорилтоо эрэмбэлээд ажлын хэсгийн болон Байнгын хорооны түвшинд шийдвэр гаргасан” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн. Хүүхдийг нэг хорт зүйлээс хамгаалж байгаа нэрийдлээр нөгөө хорт зуршил руу шилжүүлэхгүй байх арга замыг бүрэн тодорхойлж, цогц арга хэмжээ авахгүй бол вэйпийг бүрэн хориглоход хэрэглэгчдийн 96 хувь нь татгалзсан ч үүнтэй зэрэгцээ янжуур тамхи хэрэглэгчдийн тоо 93 хувиар өссөн баримт бий гэдгийг дурдаж байв. Хэрэглээ талаас нь харж асуудлыг зохицуулахынхаа зэрэгцээ бизнес эрхлэгч талаас асуудлыг харах ёстой гэдэг саналыг гишүүд мөн илэрхийлж байсан. Аливаа хуулийг батлахдаа хэрэгжихүйц, амьдралд нийцтэй байх нөхцөлийг тооцох шаардлагатай гэдгийг П.Наранбаяр гишүүн хэлээд, энэ чиглэлээрх тодорхой асуудлыг төслийг дагаж батлагдах Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгах саналыг хэлж байв. Төсөлд тусгагдсан татварыг бууруулахаар зохицуулалт тусгаж буйг О.Номинчимэг гишүүн хэлээд энэ өөрчлөлтөөс үүдэн тамхины хэрэглээг 14 хүртэл хувиар бууруулах зорилт хэрхэн өөрчлөгдөж байгааг тодрууллаа. Татварын бодлогын асуудлыг Б.Жаргалан гишүүн ахалж ажилласан гэдгийг Ж.Чинбүрэн гишүүн тайлбарлаад “Одоо авч буй 836 төгрөгийн татварыг 2027 онд 2000 төгрөг болгож нэмж байна.  Эдийн засаг, нийгмийн нөлөөллийг бодитоор тооцох юм бол тийм ч их нэмэгдэл биш. Нөгөөтээгүүр, тамхины татвар бол орлого олох хэрэгсэл биш, эрүүл мэндийг хамгаалах зэвсэг гэж ойлгох нь зүйтэй. Тийм учраас хэрэглэгчийн санхүүд мэдрүүлж, тамхинаас татгалзах шалтгаан болж буй эсэх л чухал. Амьдралыг зохицуулах хэм хэмжээ учраас далд бизнес, контрабанд зэргийг ч оруулан тал бүрээс нь тооцож, олон талаас нь дэнсэлж байж энэ тооцооллыг гаргасан” гэж Ж.Чинбүрэн гишүүн хариулсан.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Х.Баасанжаргал, М.Мандхай нар илэрхийлж, үг хэлсэн юм.

Хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаарх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар Улсын Их Хурлын дэд дарга товлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top