Зайнаас ажиллах романтизм

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

“Хорь тавь” гэж уянгалсан Ардчилсан Монголын романтизм “зайнаас ажиллана” гэдэг сайхан үгээр буухиа залгалаа. Н.Учралын намжирдсан энэ үг сайхан л даа. Түгжээнд стресстэхгүй, зогсоолоос гарч, орох гэж бухимдахгүй, төрийн данхар бүтцийг гэрийнхээ нэг өрөөнөөс явуулбал хэчнээн амар гээч. Тэгээд ч төрийн үйлчилгээг иргэн А юм уу Б-д өгөх гэж махаа зулгаахгүй бүр амар. Ер нь л ажил явахгүй бол түр пауз авахад юуны буруу байх вэ...

Гэвч Н.Учралын романтизм эхлэхдээ л бөхчихсөн юм. Төрийн албаны тухай хууль 1995 онд гарахад зайнаас ажиллана гэдэг ойлголт бараа сураггүй байлаа. Интернэт гэдэг зүйл гараад удаагүй, компьютер тэр бүр өргөн хэрэглээнд нэвтрээгүй байсан цаг. Гэтэл сошл хэрэглээ хүчээ аваач, компьютер гэдэг талх шиг болсон 2017 онд энэ хууль шинэчлэгдэхэд энэ тухай дурдаагүй. Дурдах ч боломж байгаагүй юм. Зайнаас ажиллана гэдэг өөрөө ховор ойлголт байлаа. Дараа нь 2024 онд дахин шинэчлэхэд “зайнаас ажиллана” гэдгийг “таг мартаад” орхичихсон юм. Уг нь цар тахлын үед зайнаас ажиллахаас өөр аргагүй болоод дэлхий даяар “зайнаас ажиллах” гэдэг шинэ тренд бий болж байсан цаг шүү дээ. Гэтэл энэ тренд болохоо байгаад технологийн томоохон компаниуд эргээд ажлын тогтсон цагт, оффист хатуу суух зарчим руу шилжиж байна. “Амазон”, “Тесла”, “Х”, “Майкрософт” зэрэг томоохон компаниуд ч заавал оффис дээрээ ирэх хатуу зарчим руу шилжиж байгаа.

“Моод” монголоор дуусдаг гэлээ гэдэг шиг “зайнаас ажиллах” ойлголт одоо л манайд ирлээ. Тэгэх, тэгэхдээ бүр төрийн албанд шүү. Төрийн алба угаасаа утгаа алдсаныг хүн бүр мэднэ. Хэвтрийн хүнээр хурууны хээ авхуулах дээрээ тултал утгаа алдсан. “Төр төмөр нүүртэй” гэдгийг иргэдээ чирэгдүүлэхийн нэр гэж ойлгоод чангалдаг байдал одоо ч арилаагүй байна. Хэрэв “И-Монгол”-оор зарим мэдээллээ авдаггүй байсан бол “төмөр нүүр” биднийг хангалттай хайрсаар байх байлаа.

Н.Учралын романтизм бодит байдал болоход хэд, хэдэн зүйл шаардлагатай. Хамгийн чухал нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах. “И-Монгол”-оо хамгаалж чаддаггүй манайх шиг орон, төрийн мэдээллийг зайнаас ажиллахад зориулж системийн хамгаалалт хийж чадах эсэх нь юу л бол.

Тэртээ тэргүй Төрийн албаны тухай хууль тусгаагүй учраас зөрчилдөх асуудал гарч, “Кобра эффект”-ээ дагуулна. Хуульд төрийн албан хаагчийн ажил үүргийг байгууллагын дотоод хяналтын дор гүйцэтгэнэ гэж заасан байгаа. Зайнаас ажиллах үед хяналтыг хэн тавьж, гүйцэтгэлийг хэрхэн үнэлэх вэ гэдэг дээр бэрхшээл үүснэ. Тэгтэл нөгөө талдаа тайлан, хяналтаас чөлөөлөөд байдаг.

Хуульд зааснаар төрийн албаны үйл ажиллагаа ил тод байх ёстой. Гэтэл зайнаас ажиллах нь төрийн албаны мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын эрсдэл дагуулна. “И-Монгол”-ынхоо мэдээллийг “MSN” дээр алдчихдаг, хувийн эмнэлгийн мэдээлэл нь цахим “хар зах” дээр ярайтал байршдаг Монгол Улс “зайнаас ажиллахад” бэлэн үү гэдэг асуулт гарч ирнэ.

Хуульд төрийн албаны ажлын байр, үүрэг тодорхойлогдсон. “Зайнаас ажиллах” тухай ойлголт тусгагдаагүй учраас Ерөнхий сайдын шийдвэртэй зөрчилдөх эрсдэлтэй. Тухайн ажилтанд цалин, урамшуулал бодогдоход хүртэл асуудал үүснэ. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг ажлын байртай нь холбон тогтоосон учраас зайнаас ажиллах үед хөдөлмөрийн нөхцөл, баталгааны хэрэгжилт тодорхойгүй байгаа гэсэн үг.

Н.Учралын романтизм бодит байдал болоход хэд, хэдэн зүйл шаардлагатай. Нэн түрүүнд Төрийн албаны тухай хуульд зайнаас ажиллах нөхцөлийг албан ёсоор тусгах. Байгууллагын түвшинд хяналт, үнэлгээний шинэ аргачлал нэвтрүүлж, дотоод журам боловсруулах. Хамгийн чухал нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах. Зайнаас ажиллах үед тухайн албан хаагч гэрийнхээ төхөөрөмжөөр нэвтэрнэ. Төрийн мэдээлэл нэг ёсондоо “ив ил” болно. “И-Монгол”-оо хамгаалж чаддаггүй манайх шиг орон, төрийн мэдээллийг зайнаас ажиллахад зориулж системийн хамгаалалт хийж чадах эсэх нь юу л бол.

Цахим үндэстэн болсон Эстони 20-30 жилийн дараа төрийн албыг зайнаас ажиллах тогтолцоотой болж байхад Монгол Улс юу, юуны духанд хүрэлгүй зайнаас ажилладаг болчихлоо...

Их Британи, Европын холбоо, Оман, АНУ-ын зарим мужид зайнаас ажиллах практик бий. Тэгэхдээ тусгай хууль боловсруулж, цахим дэд бүтцийг тодорхой болгосон байдаг аж. Цахим үндэстэн болсон Эстони улс 2022 оноос үе шаттайгаар төрийн албыг цахим буюу зайнаас ажиллах хэлбэрт шилжүүлсэн. Гэвч 2000-аад оноос цахим үндэстэн болох зорилт тавьж үе шаттайгаар хэрэгжүүлээд 2022 оноос зайнаас ажиллах хууль эрх зүйн үндэс бүрэлдсэн юм. Тэд 20 орчим жил бэлдэж байж зайнаас ажиллуулах горимтой болсон. Тэгтэл манай төрийн алба юу, юугүй Ерөнхий сайдынхаа романтизмаар зайнаас ажиллах болчихлоо. Засгийн газрын гишүүд “MacBook”-р хангагдсан л юм байгаа биз, гэлээ гээд зайнаас ажиллах логистик ханагдсан уу гэдгийг санадаг баймаар байна...

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top