Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ХҮМҮҮНЛЭГ удирдагч дутаж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Хууль зүй дотоод хэргийн сайд байхдаа ШШГЕГ-ын дарга Бригадын генерал Б.Нандинболорыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хурандаа А.Намсамандыг түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр томилж байлаа.

А.Намсамандын тухайд Хэнтий аймгийн Цагдан хорих байрны хэв журмын тасгийн цагдаагаар анх ажиллаж эхлээд, ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга хүртэл дэвшсэн нэгэн.

Улмаар 2025 оны есдүгээр сард тэтгэвэртээ гарсан.

Бүр тэтгэвэрт гарахдаа улсаас 69.4 сая төгрөгийн тэтгэмж авсан ч тэрбээр гавьяаны амралтандаа суухыг тунчиг хүссэнгүй тул тухайн үеийн Засгийн газар солигдохтой зэрэгцэж, давхар томилогдон ирсэн сайдын нөлөөгөөр эргэж, хургасаар өнөөдрийг хүрчээ.

Учир мэдэх хүмүүс түүнийг ийнхүү ШШГЕГ-ын даргаар ирсэн нь “Бригадын генерал” цол авах туйлын хүсэлтэй нь холбоотой гэдэг.

Гэвч Монгол улсын Засгийн газар жил хүрэхгүй хугацаанд дахин солигдож, салбарын сайд өөрчлөгдсөнөөр А.Намсамандын зорилго түүнээс холдон, сарних нь цаг хугацааны асуудал болжээ.

Тэр хэдийгээр албан тушаалтнуудтай ойр ойрхон уулзаж, өөрийн сонирхлоо илэрхийлж буй гэгдэвч ХЗДХ-ийн шинэ сайд А.Намсамандаас эхлээд хуулийн байгууллагын хэд хэдэн удирдлагуудыг өөрчилж, хөдөлгөөнд оруулахаар төлөвлөсөн гэх эх сурвалжийн мэдээлэл бий.

Харин дарга солигдох сургаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэдэн мянган энгийн нэгэн алба хаагчаас эхлээд түүнд хавчигдан шахагдаж ирсэн нэр бүхий дарга нарын магнай тэнийж буй сурагтай.

Учир нь А.Намсаманд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг удирдах болсноосоо хойш өөрийн хамаатан садныг ажилд авч, албан тушаалд томилохоос эхлээд үзэл бодолтой нь нийцээгүй, хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй дарга нарыг дарамталж, энгийн алба хаагч нарыг хүртэл толгой дараалан Авлигатай тэмцэх газарт шалгуулах зэргээр дарамт учруулж ирсэн байна.

Үүнээс үзэхэд тус байгууллагад хууль ёсны дагуу ажилладаг, шинэ, хүмүүнлэг удирдлага хэрэгтэй байгааг илтгэж буй.

Энэ дашрамд, түүний өнгөрснийг дурсвал эмэгтэйчүүдийн хорих ангийн дарга байхдаа хүмүүжигч эмэгтэйд хүч хэрэглэсэн, мөн дугаар ангийн дарга байх хугацаандаа хүмүүжигч О гэгчийг зодож, цөсний хүүдий хагарсан гэх оношоор амь насаа алдаж байсан гэх мэт арвин түүхийг хохирогч нар өгүүлэх аж.  

Түүнчлэн талийгаач Г.Алтан агсан амьд сэрүүн байхдаа хуулийн дагуу баталгаа гаргаж, гурван тэрбум төгрөг байршуулаад гадаадад эмчилгээ хийлгэх хүсэлтийг удаа дараа өгч байсан ч А.Намсаманд нь ашиг сонирхлын үүднээс буцаасаар түүнийг амиа алдахад хүргэсэн гэж ар гэрийнхэн нь үздэг юм гэнэ. Түүгээр зогсохгүй Г.Алтан агсны эзэмшдэг байсан “Олон овоот гоулд” компанийн хэрэгт А.Намсаманд холбоотой гэх хардлага олон нийтийн дунд байсаар байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top