АНУ-ын Дотоод хэргийн яам АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан босгож буй “Ялалтын хаалга”-ны төлөвлөгөөг танилцууллаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэдийнээ өмчилж “минийх” гэж тодотгосон энэ хаалга Арлингтоны оршуулгын цогцолборын ойролцоо, Колумбын аралд өөрөөр хэлбэл Потомак голын нөгөө эрэгт сүндэрлэх юм. Нөгөө эрэгт нь Линкольны дурсгалын цогцолбор байдаг билээ.
Зураг төсөл ёсоор энэ хаалга нь Линкольны дурсгалын цогцолбороос даруй хоёр дахин том 76.2 метр өндөр байх юм. Хөшөөний зураг төслийг “Харрисон Дизайн” архитектурын фирм гүйцэтгэсэн байна. Дурсгалын хаалганы хоёр талд “Бурхны дор нэг үндэстэн”, “Бүгдэд эрх чөлөө, шударга ёс” гэсэн бичээс сийлж, орой дээр нь эрх чөлөөг бэлгэдсэн алтан шаргал “Ника” бурхан байх аж. Мөн хөшөөний дөрвөн талд нь арслан сүндэрлэнэ. Эхний байдлаар уг дурсгалын хаалга барихад 15 сая ам.доллар төсөвлөжээ. Шаардагдах төсвийг Төсвийн удирдлагын газраас баталсан зарлагын төлөвлөгөөний дагуу тусгай сангаас хоёр сая ам.доллар, үлдсэнийг нөөц хөрөнгөнөөс гаргахаар болсон байна.
Доналд Трамп энэ тухай өөрийн “Truth” платформд бичихдээ “Манай засаг захиргаа дэлхийн хаана ч гайхагдах хамгийн нүсэр, хамгийн үзсэлгэлэнтэй ялалтын нуман хаалганы төлөвлөгөөг Дүрслэх урлагийн комисс танилцуулна” гэсэн юм. Дүрслэх урлагийн комисс гэдэг нь Доналд Трампын өөрийнх нь томилсон “мэргэжилтнүүдээс” бүрдэх тусгай комисс юм. Хэдийгээр АНУ-ын тусгаар тогтнолын түүхт 250 жилийн ойд зориулсан гэгдэж буй ч Доналд Трамп үүнийг “минийх” гэж хэдийнээ өмчлөөд хоёр дахь бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс хойш олон нийтэд сурталчлах болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )