Нидерландад үлэг гүрвэлийн “арьсаар” хийсэн цүнхийг худалдана

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Эрдэмтэд, загвар зохион бүтээгчдийн хамтаар Амстердам хотноо Tyrannosaurus rex үлэг гүрвэлийн чулуужсан яснаас гаргаж авсан коллагеныг ашиглан бүтээсэн материалаар хийсэн цүнхийг танилцуулжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, оюу ногоон өнгийн цүнхийг Art Zoo музейд тавдугаар сарын 11-ийг хүртэл үзүүлсний дараа дуудлага худалдаагаар оруулахаар төлөвлөж байна. Дуудах анхны үнэ нь 500 мянган евро байх аж.

Тус материалыг бүтээхийн тулд үлэг гүрвэлийн чулуужсан яснаас уураг гарган авч, амьтны эсэд суулган, коллаген гаргаж авчээ. Үүнийг арьс болгож хувиргасан байна.

The Organoid Company компанийн тэргүүн Томас Митчеллийн ярьснаар, ийм материал бүтээхэд техникийн олон хүндрэлүүдтэй тулгарчээ. Энэхүү төсөл нь лабораторид хиймэл арьс гаргаж авах нөөц боломжуудыг харуулах зорилготой байжээ. Энэхүү материал нь уламжлалт аргаар бэлтгэсэн арьсны эко хувилбар болох юм. Тус төсөлд VML болон Lab-Grown Leather компаниуд оролцжээ.

Үүнтэй зэрэгцэн зарим эрдэмтэд “тираннозаврын арьс” гэж нэрлэснийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Амстердамын их сургуулийн палеонтологич Мелани Дюрингийн хэлснээр, үлэг гүрвэлийн ясан дахь коллаген нь арьсыг сэргээх хэмжээний хангалттай байдаггүй. Мөн ижил байр суурийг Мэрилэндийн их сургуулийн палеонтологич Томас Холц илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, чулуужсан ясанд илэрсэн коллаген нь ясны эсээс гаралтай тул арьсны бүтэцгүй байдаг аж.

The Organoid Company компанийн тэргүүн Томас Митчелл энэхүү материал нь шинжлэх ухааны эрлийн үндэс гээд тус төсөл нь үлэг гүрвэлийн чулуужсан араг ясны коллагеныг ашиглан материал бүтээхэд томоохон алхам болсон гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top