Трампын хууль бус дайн шинэ хэвийн үзэгдэл болох эрсдэлтэй

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ, Израил нь Иранд агаарын цохилт өгч, тус улсын дээд удирдагч Аятолла Али Хаменеийг хөнөөсөн нь төрийн тэргүүнийг онилсон аллага юм. Мөн энэ нь аль хэдийн уугьж байсан дайны цогийг ноцоож, эмзэг бүс нутагт ноцтой хурцадмал байдал бий болгосон үйл явдал боллоо. Нарийн төлөвлөсөн энэхүү цохилтын үр дагавар нь тэртээ тэргүй гаднын нөлөөний доргилтыг амсаж байгаа Ойрх Дорнод даяар цуурайтах нь гарцаагүй.

Тегераны хатуу дэглэмийг зэвүүцсэн ч бай, Ираны ард түмэнд илүү сайхан ирээдүй хүссэн ч бай ямар ч шалтаг эл цэргийн ажиллагааг зөвтгөх хууль, эрх зүйн үндэслэл болж чадахгүй гэж the Guardian хэвлэлд онцолжээ.

НҮБ-ын дүрмийн дагуу зөвхөн гарцаагүй халдлагаас өөрийгөө хамгаалах тохиолдолд эсвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрлөөр зэвсгийн хүч хэрэглэхийг л хууль ёсныход тооцогдоно. Эдгээр нөхцөлийн аль нь ч байсангүй. Ираны зүгээс “гэнэтийн, хүчтэй” довтолгоонд бэлтгэж байсан гэх нотолгоо байгаагүй. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тодорхойлсончлон “Epic Fury /Их уур хилэн/” ажиллагаа нь урьдчилан сэргийлэх цохилт гэхээсээ илүүтэй дайснаа сул байгаа үед ирээдүйн эрсдэлийг устгах гэсэн шийдвэр мэт харагдана. Энэ дайн бол сонголт. Тусгаар улсын засгийн газрыг түлхэн унагахыг уриалсан ноён Трампын мэдэгдэл онцгой бөгөөд түгшүүртэй байв.

Урьдчилан сэргийлэх дайн нь урьдчилан хамгаалах дайнаас ялгаатай. Эхнийх нь хүчирхэг улсад хүссэн үедээ цохилт өгөх “эрх” олгодог тул хууль бус гэж үздэг. Эл ялгаа чухал. Тиймдээ ч Европын олон улс орон ирээдүйн аюулыг таслан зогсоож байна хэмээн тайлбарласан Владимир Путины Украинд халдсан үндэслэлийг няцаасаар ирсэн.

Хуулийг холбоотнууд сонголтоороо, харин дайснууд заавал биелүүлдэг байж таарахгүй.

Дотоодын хууль, журмаар ч ноён Трампын эл үйлдэл ганхахуйц. АНУ-д энэхүү халдлагыг дэмжих олон нийтийн дэмжлэг бага бөгөөд Конгрессоос балмад ажиллагааг явуулах зөвшөөрөл аваагүй. Энгийн иргэдийн амь үрэгдэж, америк цэргүүд “шарил” болж нутаг буцах тусам олны дэмжлэг улам багасах нь тодорхой.

Дайн хурдан эхэлсэн ч үр дагавар нь урт хугацаанд үргэлжилнэ. Ираны хариу цохилт Израилаас давж, АНУ-ын цэргүүд байрлаж буй Персийн булангийн хаант улсуудыг ч хамрав. Тегеран дэлхийн газрын тосны экспортын 20 орчим хувь дамжин өнгөрдөг Хормузын хоолойг хаасан гэж мэдэгдэв. Шинжээчид түүхий газрын тосны үнэ 50 хувиар өсөж, баррель нь 100 ам.долларт хүрч болзошгүйг анхааруулж байна.

Хурцадмал байдал бодит болжээ. Тегераны стратеги нь тулаанд ялахад бус харин амьд үлдэхэд чиглэж, удирдагчаа алдсан ч тэмцлээ үргэлжлүүлж чадна гэдгээ харуулах явдал болсон нь дамжиггүй. Энэ бол аюултай мөрий. Хэт хүлээцтэй байвал доромжлол хүртэнэ, эрхээ хэтрүүлбэл өөрийнхөө эсрэг илүү том эвсэл бий болгох аюултай.

Хаменеийн үхэл бол түүхэн хагарал. Гэвч томоохон нэгдмэл улс орон дан ганц агаарын цохилтоор нуран унах нь юу л бол. Тэнгэрээс дэглэмийг солих гэсэн оролдлого бүтэлгүйтсэн олон тохиолдлыг Афганистан, Ирак, Ливи зэрэг улсын түүх гэрчилнэ. Удирдагчийг зайлуулах нь тухайн улсын улс төрийг шинээр бүтээхтэй адил биш. Магадгүй ноён Трамп зөөлөн чихтэй Тегераныг хүсэж байгаа байх. Харин  Оманы зуучлалаар ахиц гарч байсан яриа хэлэлцээг үл хайхарч, Ираныг бөмбөгдөх шийдвэр гаргасан нь ирээдүйн эвлэрэл, буулт хийх орон зайг улам хумилаа.

Гол асуудал нь ноён Трампын дайн Ираныг сулруулах уу гэдэгт бус харин дэлхийн тогтвортой байдлыг тогтоон барьж ирсэн дүрэм журмын тогтолцоог сулруулж байна уу гэдэгт оршиж байгаа юм.

Хэрэв урьдчилан сэргийлэх дайн хэвийн үзэгдэл болбол, өөрийгөө урт хугацаанд заналхийлэлд өртсөн гэж үзсэн ямар ч улс ийм аргыг хэрэглэх боломжтой болно. Зэр зэвсэг, пуужингийн нөөц нэмэгдэж, цахим заналхийлэл, цөмийн зэвсэг дэлгэрч буй өнөө цаг үед энэ бол аюултай жишиг.

Гаднын хүчээр бүхэн бүтэн нийгмийг өөрчилж болно гэсэн санаа огт шинэ тутам биш. Гэхдээ бараг хэзээ ч үр дүнд хүрч байгаагүй. Хаменеийг хөнөөсний дараа ноён Трампын хийсэн ялалтын өнгө аястай мэдэгдлүүд нь түгшүүр төрүүлж байна. Өдгөө хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол бүх талын хүлээцтэй байдал.

Энэ мөчид саруул ухаан бөгөөд төгс мөрдөгддөггүй ч балмад хүч ноёрхохоос хамгаалах хамгийн сайн баталгаа хэвээр буй хууль, эрх зүйн зарчмуудыг хамгаалан зогсох явдал юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.65.208) 53 минутын өмнө

Трамп гэдэг эргүү өвгөн өөрийгөө хэн гээд бодоод байна дэлхийн захирагч гээд бодчихсон юм бмш биз Иран руу гэнэтийн дайн хийж гэдэг чинь хууль тэгээд шууд түрэмгийлэл юм биш шүү новш гэж

1  |  0
Top