Украины талд олгох аюулгүй байдлын баталгааны хүрээнд тус улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ирээдүйд алдагдахаас сэрэмжлэх үүднээс байлдааны ажиллагаа өрнөж байгаа тэргүүн шугамын хоёр талд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандаттай олон улсын энхийг сахиулагчид, ажиглагчдыг байрлуулах, Украины талд НАТО-гийн гэрээний 5 дугаар зүйлд заасантай адилхан аюулгүй байдлын баталгааг олгох тухай тогтоолыг Европын парламентын гишүүд дэмжсэн байна.
Уг тогтоолыг батлахыг 401 гишүүн дэмжиж, 70 гишүүн эсэргүүцэж, 90 хүн түдгэлзсэн ажээ. Европын парламентын тогтоолууд нь заавал биелүүлэх үүрэг ногдуулдаггүй, гагцхүү зөвлөмжийн шинжтэй байдаг юм. Энх тайван тогтоох тухай ирээдүйд байгуулах аливаа хэлэлцээр нь Украины бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах чадварыг хязгаарлах ёсгүй бөгөөд Украинд учруулсан эд материалын болон бусад хохирлыг бүрэн нөхөн төлөх үүргийг Орост ногдуулах ёстой гэж Европын парламентын гишүүд үзэж байгаа аж.
Элсэн нэгдэх эвсэл, холбоогоо сонгох Украины эрхийг хангах, түүнд ОХУ хориг тавих боломжгүй болгохыг дээрх тогтоолд уриалсан байна. Украины нутаг дэвсгэрт НАТО-гийн гишүүн орнуудын цэргийг байрлуулахыг ОХУ эсэргүүцэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )
Оросууд дайны төлбөрийг төлөхгүй май гэх биз
Европчууд 3 р дайныг хүсэж бнадаа.Хүйс тэмтрүүлнэ дээ