Саарал хотын хүү Жоржио Армани 91 насандаа амгалан нойрслоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 05

Италийн төдийгүй Дэлхийн загварын ертөнцийг өөрчлөгчдийн нэг Жоржио Армани Милан хот дахь гэртээ, гэр бүлийнхнийхээ хүрээлэлд өчигдөр амгалан нойрсчээ.

Минимализм, перфекционизмын бэлэг тэмдэг болсон Жоржио Армани 91 насаллаа. Хэдийгээр 10 гаруй тэрбум еврогийн хөрөнгөтэй ч хоёр давхар байшиндаа олны хараанд өртөхийг хүсэхгүй амьдарсаар, ажилласаар сүүлчийн амьсгалаа татжээ.

 

Жоржио Армани Италийн Миланыгаа “саарал хот” гэж хэлэх дуртай байсан бөгөөд саарал өнгө дээр бор шаргал өнгө нэмж, өөрийн гэсэн greige гэх өнгийг бий болгосон юм.

1970-аад онд эмэгтэй, эрэгтэй хүрэм, хослолын загвараар ажлаа эхэлжээ. Тухайн үед эрэгтэй, эмэгтэй хүрэм, хослолууд шулуун, бариу шугам барьж байсныг задалж, мөрний шугамыг суллаж өгснөөрөө хувцас загварт хувьсгал хийсэн гэж үздэг. 1975 онд эрэгтэйчүүдийн нийтлэг нэг шинжит хувцаснаас эмэгтэйчүүдийн хүрэм, хослолуудыг тод шугам, зөөлөн оруулгуудаар ялгасан нь эмэгтэйчүүдийн хувцас загвар, тэрбайтугай тэгш эрхийн төлөөх тэмцэлд ч нэмэр болсон алхам гэж үзэх мэргэжилтнүүд байдаг ажээ.

Жоржио Армани 1934 оны долоодугаар сарын 11-нд Италийн Миланы ойролцоох жижиг хот Пьяченцад мэндэлжээ. Аав нь зам тээврийн компанийн нягтлан бодогч. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараагаар аавыг нь фашист дэглэмийн дарангуйлагч Бенито Муссолиинигийн ойрын хүн хэмээн буруутгаж, шоронд хорьсон байна.

Жоржио Армани Италийн тэргүүн баячуудын нэг ч гэлээ тансаг чамин амьдралын хэв шинж огт харуулдаггүй, загварын шинэ улирал эхлэхэд ажлын шугамаар тайзнаа гарахаас бусдаар түгжигдмэл, нууцлаг гэмээр амьдардаг байв. Хар хөх өнгийн ноолууран цамц, бүдэгхэн судалтай өмд өмсөх дуртай.  Түүнийгээ тайлбарлахдаа “Миний энэ хувцаслалтын утга учрыг жирийн үгээр тайлбарлаж хэлэхэд амаргүй” гэдэг байжээ.

Хэдийгээр олны өмнө гараад байдаггүй ч Армани компанийнхаа ажлыг олон жилийн турш гардан авч явсан юм. Ялангуяа 1985 онд найз, бизнесийн хамтрагч Сержо Галеотти таалал төгссөний дараагаар компаниа бие даан удирдахаар шийджээ.

Галеотти л Арманиг Милан хотноо загварын анхны дэлгүүрээ нээхийг ятгаж, ажлыг нь эхлүүлэхэд гол нөлөө үзүүлсэн гэдэг. Үүнээс өмнө Армани Милан хотын Цагдаа болон таксичдын хувцасны загвар дээр ажиллаж, амжилт олоод байжээ.

2021 оны Токиогийн олимпын наадамд Италийн баг тамирчид Armani-гаар гоёж очсон юм. Ер нь спортын салбарынхантай нягт хамтран ажилладаг. Спортод дуртай нэгэн байлаа. Милан хотын сагсанбөмбөгийн багийн эзэн байсан үе ч бий.

Мөн кино урлагт их дуртай. Холливудыг их анхаарч, тэндэхийн зах зээлийн далайцыг урьдчилан нарийн мэдэрчээ. Найруулагч Лукино Висконти, Альфред Хичкок нарын бүтээлийг биширдэг, жүжигчин Марлен Дитрих, Кэри Грант нарын чадварыг өндрөөр үнэлдэг.

Холливудтай хамтран ажиллавал илүү өргөжин тэлэхэд нь ч нэмэртэйг эрт ойлгож, 1980 онд Ричард Гирийн гол дүрийг нь бүтээсэн American Gigolo уран сайхны киноны хувцас хэрэглэлийг бүрэн бэлдэж өгчээ.

1981 онд зөвхөн хувцас загвараар тогтохгүй, өөр салбар руу орохоор шийдэж Emporio Armani брэндээ үүсгэн байгуулав. Энэ брэндэд үнэртэй ус, нарны шил, кофе, шоколад, жем, мебель тавилга, хивс гээд маш олон төрөл багтдаг. Автомашин үйлдвэрлэлд ч оролцсон байдаг.

2024 онд Forbes сэтгүүл Жоржио Арманигийн хөрөнгийг 10.4 тэрбум евро гэж тооцсон юм.

Ковидын үеэр Италид аймшигтай байдал бий болоход Милан, Ром, Бергамогийн эмнэлгүүдэд 2 сая еврогийн тусламж үзүүлж байлаа. Мөн компанийнхаа үйлдвэрийн байрыг эмч, сувилагч нар тусгай хамгаалалтын ажлын хувцас хийх үйлсэд зориулж байв.

2021 оны намар Миланд загварын шоунд хамаатны бүсгүй Сильвана Арманиг дагуулан гарч ирсэн нь түүний байгуулсан загварын ертөнцийг цаашид залгамжлах хүн гэсэн утгыг илэрхийлсэн явдал болсон юм. Армани сүүлийн жилүүдэд бие нь өвдөх болсон ч хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол амьсгал хураахынхаа өмнө ч дуртай ажлаа хийсээр байжээ.

Одоо Дэлхий даяар Арманигийн үүсгэсэн брэндийн 2000 гаруй салбар дэлгүүр ажиллаж байна. Мөн Armani Group нь 8700 гаруй ажилтантай. Жоржио Армани компанийнхаа 50 жилийн ойг хийхээр төлөвлөж байсан ч залгамжлагчдад нь энэ үүрэг ногдлоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top