1988 онд Рой Жонсоос луйвардсан Олимпын алтан медалийг буцаан өгчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 05

Боксын түүхэн дэх хамгийн аугаа аваргуудын нэгд тооцогддог, дөрвөн өөр жинд Дэлхийн аваргын бүсийг зүүсэн Рой Жонс нэгэн бичлэгийг олны хүртээл болголоо. Хоёр жилийн өмнө хийсэн энэхүү бичлэг дээр 1988 оны Сөүлийн Олимпын наадмын алтан медалийн төлөө түүнтэй тулсан эзэн орны тамирчин Пак Си Хүн тухайн үед луйвардаж авсан алтан медалиа буцаан өгчээ.

“Надад байсан энэ алтан медалийг чамд би буцааж өгмөөр байна. Үнэндээ энэ бол чинийх” гэж Пак Си Хүн хэлээд хүүгээрээ орчуулуулахад Рой Жонс “Хөөх, энэ чинь солиотой юм болж байна аа” хэмээн уулга алджээ.

1988 оны Сөүлийн олимпын тэрхүү финалд Рой Жонс илт илүү тоглосон ч гэлээ шүүгчдийн 3:2 гэсэн саналаар эзэн орны тамирчинд ялалтыг өгсөн нь одоо ч Дэлхийн спортын түүхэн дэх хамгийн шударга бус тулааны нэгд тооцогдсоор ирсэн юм.

“1988 онд надаас алтан медалийг маань луйвардсан нь Боксын түүхэн дэх хамгийн дуулиан шуугиантай явдлуудын нэг болсон. Бурханы ивээлээр, хэдэн жилийн өмнө тэрхүү медалийг минь авсан хүн Өмнөд Солонгосоос зорин гэрт минь ирж, зүй ёсоор чамд байх ёстой гээд өгсөн юм. Та бүхэн энэ агшныг үзээд над шиг таашаал мэдэрч байгаа гэдэгт итгэж байна” хэмээн Рой Жонс өгүүлжээ.

Хэдийгээр тэрхүү финалд Рой Жонс ялагдсанд тооцогдсон ч Сөүлийн олимпын Шилдэг боксчны Вэл Баркерийн нэрэмжит шагналын эзэн болсон түүхтэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top