Хоёр сарын өмнө Оросын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн аваргын төлөө шалгаран барилдахаар гарч ирсэн хоёр бөх барилдах бус харин дэвжээн дээр хайч чулуу даавуудсан явдал гарсан. Энэ тухай эргэн нэг сөхөж мэдээлье.
Финалд шалгарсан хоёр бөх хоёулаа шөвгийн дөрөвт Татарстаны бөхчүүдийг ялсан бөгөөд хоёулаа Умард Осетийн тамирчид байлаа. Нэг нутгийн ойролцоо насны /21, 24/ хоёр тамирчин шүглийн дуугаар гар баримагцаа шүүгчийг холдмогц сөгдөж суугаад хайч чулуу даавуудаад эхэлсэн. Шүүгч байдлыг богино хугацаанд ойлгоод, ерөнхий шүүгчийн өмнө хоёр тамирчныг аваачиж, барилдахыг шаардсан юм.
Хоёулаа нэг нутгийн бөхчүүд болохоор түрүүлсэн нь ДАШТ-д оролцох эрх авах магадлалтай учир хэн хэндээ хал балгүй, найзууд чигээрээ байхын тулд ийм үйлдэл гаргасан бололтой. Гэвч барилдахыг тулган шаардсан тул 5:4-өөр Амина Танделова нь Алина Касабиевагаа ялсан байна.
Дэвжээний гадна найзууд ч гэлээ дэвжээн дээр өрсөлдөгч байх ёстой гэсэн спортын гол зарчмыг зөрчих гэсэн хоёр тамирчныг ОХУ-ын Бөхийн Холбооны тэргүүн Михаил Мамиашвили шүүмжилсэн юм.

“Юун түрүүнд хэлэхэд, энэ бол тэнэглэл. Хоёрт, хоёр бөхийн хоорондын харилцааг ямар байдгийг харуулж байна. Хэрвээ барилдахыг хүсэхгүй юм бол тэмцээнд оролцоод хэрэггүй, энд ирэх ч хэрэггүй. Ялан дийлэх хүсэл эрмэлзлэл, спортын чанар заавал байх ёстой. Тэдний гаргасан үйлдлийг тайлбарлахад хэцүү юм. Бүр юу ч гэж тайлбарлах гээд тархинд үг орж ирэхгүй нь. Мэдээж, хоёр тамирчинтай ярилцах болно” гэж Михаил Мамиашвили өгүүлж байлаа.
Тэгвэл үүнээс хойш сарын дараа буюу долдугаар сард Будапештад болсон Олон улсын тэмцээнд хоёр бөх хоёулаа очоод мөн хоёулаа аваргын төлөөх барилдаанд шалгарч, дахиад Амина Танделова нь ялжээ. Энэ тэмцээнд түрүүлэхдээ Танделова 28 оноо авч, ердөө 1 л оноо алдсан байна. Ийнхүү ДАШТ-д гавъяат тамирчин П.Орхоны оролцох жинд Умард Осетийн энэхүү 21 настай, дотны сайн найзтай Амина Танделова ирж магадгүй юм байна.
Алина Касабиева өнгөрсөн тавдугаар сарын сүүлч, зургаадугаар сарын эхээр Улаанбаатарт болсон Олон улсын тэмцээнд ирж барилдаад, хүрэл медальтай буцсан.
Чөлөөт бөхийн ДАШТ Хорватын Загреб хотноо есдүгээр сарын 13-21-нд болно.

Сэтгэгдэл ( 0 )