Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд яг долоо хоногийн хугацаа үлдээд байна. 24 улсын шигшээ баг оролцох энэ тэмцээний нээлтийн тоглолтод Их Британи – Литва өрсөлдөх болно.
Сербийн шигшээ багийг түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэж мэргэжилтнүүд тооцож байгаа юм билээ. Тэгвэл Сербийн шигшээгийн ахлагч Богдан Богданович багийнхаа өрсөлдөгчдөөс хамгийн хэцүү тамирчдыг нь цохон нэрлэж, онцлогийг дурджээ.

Эхлээд Грекийн шигшээд тоглох Яннисийн тухай юу хэлснийг сонирхуулъя. “Яннис бол биеийн хүчний өгөгдлөөрөө үнэхээр хүчтэй тамирчин. Ийм тамирчныг эсрэг нэг ч алдаа гаргаж болохгүй. Алдаа гаргавал л тэр дор нь шийтгэчихэж чаддаг эр. Хамгаалалтын чадвар нь гайхамшигтай. Хамгаалалтаас довтолгоонд шилжих хурд, эрч хүч нь зогсоогдошгүй” хэмээн Богданович өгүүлжээ.

Словенийн од Лука Дончичийн талаар “Ямар ч тэмцээнд, хэнийг ч үгүй хийчихэж чадах тоглогч бол Дончич. 50-60 оноо авчихаад л зогсож байна. Үүгээрээ тэр хосгүй л дээ” гэсэн байна.

Харин багийнхаа гол тоглогч Никола Йокичийн талаар “Йокичийн сагсанбөмбөгийн IQ-г хүн бүр мэдэх байх. Тоглолтын мэдрэмж нь юм даа. Үүгээрээ онцгойрдог. Хүдэр том биетэй тамирчин биеийн бэлтгэл сайтай байвал маш хүчтэй болох нь гарцаагүй.

Гэхдээ би Йокичийн тоглолтыг “унших чадвар”-ыг илүү их үнэлдэг. Юу болох, яаж тогловол болохыг урьдчилж хараад байх шиг санагддаг юм. Ийм тамирчинтай хамт талбайд гарахаар итгэл төрөлгүй яахав.

Харин хамгийн сэрэмжлэх шаардлагатай баг бол Испани. Залуу ч гэлээ хүчирхэг Франц бас байна. Тэгээд мэдээж, Герман. Ер нь олон сайн баг тоглоно. Тиймээс бид хэцүү сорилттой тулгарах болно.

Биднийг тэмцээнд түрүүлэх магадлал хамгийн өндөртэй гэж үнэлнэ гэдэг сайн хэрэг. Энэ бол баг бүр бидний эсрэг байдгаа шавхаж тоглоно гэсэн үг. Өмнө нь бид ийм давааг давж л байсан. Энэ удаад ч гэсэн давна гэж бодож байна” хэмээн Богданович өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )