Жонатан Эдвардс үхэн үхтэлээ Дэлхийн дээд амжилтын эзэн байхыг хүсэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 14

Домогт тамирчин, Их Британийн гурвын харайгч Жонатан Эдвардс энэ жил 59 настай. 1995 онд Шведийн Гётеборгт Хөнгөн атлетикийн ДАШТ болоход 18.29 метр харайж, Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон түүхтэй.

Үүнээс хойш 30 жилийн хугацаанд энэхүү дээд амжилтыг эвдэх тамирчин гарсангүй. Энэ хугацаанд олимпын наадам 8 удаа, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 14 удаа болсон атал Жонатан Эдвардсын гайхамшигт амжилтыг нэг ч тамирчин давсангүй. Ойрын хугацаанд бүр тодруулбал өөрийг нь үхэн үхтэл дээд амжилтыг битгий эвдээсэй гэж хүсдэг тухайгаа Жонатан Эдвардс ярьжээ.

 

 

“Мэдээж, хэн нэгэн дээд амжилтыг минь эвдчихвэл сэтгэл эвгүй л оргино. Олон жил өнгөрлөө шүү дээ. Бараг насны минь хагас өнгөрчихлөө. Хөнгөн атлетик бол хүний боломжит дээд чадварын хэмжигдэхүүн. Хүн бүр өөрийнхөө чадварын дээд цэгт хүрч байж л Дээд амжилтыг эвддэг.

Чиний тогтоосон дээд амжилт түүхэн шилдгийн шилдэг байсаар байхад сайхан санагдалгүй яахав. Итгэмээргүй ч юм шиг бодогдоно. Энэ амжилтыг эвдэх маш хэцүү. 30 жилийн турш хэн ч битгий эвдээсэй гэж би найддаг байлаа.

 

 

Энэ амжилтыг эвдчихвэл миний хувьд гунигтай өдөр болно. Үхэн үхтэлээ дээд амжилтаа дээд амжилт чигээрээ л байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ одоо үхнэ гэдгээ мэдрэх тэр үедээ дээд амжилтаа хэвээр байгаа эсэхийг мэдэрч чадахаар тэнхээтэй байх эсэхээ мэдэхгүй юм. Үхэхдээ Дэлхийн дээд амжилтын эзэн чигээрээ байвал мөн ч лут биз” хэмээн Жонатан Эдвардс өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top