UFC-гийн Дэлхийн аварга асан, хэдхэн хоногийн өмнө хүчингийн хэргээр давж заалдаад ялагдсан Конор Макгрегор Ирланд Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнгөрсөн даваа гаригийн орой сошиал хуудсаараа дамжуулан зарлалаа. Зарлахдаа эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт зогсоо зураг хавсарган нийтэлжээ.
37 настай Конор Макгрегор эхлээд Ирландын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой байгааг дурдсан байна. Жирийн иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх бараг боломжгүй шахам байгаа тул хуулийг өөрчлөх саналд гарын үсэг цуглуулан дэмжүүлэхийг хүсэж буйгаа мэдэгджээ.
.jpg)
“Ирландын Ерөнхийлөгчийн нэр хүндтэй албанд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ байгаагаа эрхэм хүндэт иргэд та бүхэндээ мэдэгдэж байна. Гэвч ардчиллын зарчмаар нэр дэвшин өрсөлдөхөд Үндсэн хууль ноцтой саад учруулж байна. Одоогийн хуулийн дагуу бол парламентийн 20 гишүүний дэмжлэг авч байж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ёстой гэнэ. Энэ бол улс төрийн тодорхой бүлэглэлийн нөлөөг хадгалж үлдэх, жирийн иргэдийн нэр дэвшин өрсөлдөх боломжийг хааж байгаа нь юм. Тиймээс би нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг өөрчлөхийг шаардсан саналдаа иргэд та бүхнийхээ гарын үсгийг цуглуулж, өөрийнхөө нэрийг нэр дэвшигчдийн тоонд оруулахыг хүсч байна.
.jpg)
Ирландад ч, Дэлхийн өөр бусад улс оронд ч жирийн иргэд ямар нэгэн саадгүйгээр сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрхтэй, боломжтой байх ёстой” хэмээн Конор Макгрегор мэдэгджээ.
Ийнхүү Конор Макгрегор хүчингийн хэргээр давж заалдаад ялагдсанаасаа хойш ердөө дөрөв хоногийн дараа Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ илэрхийллээ.
.jpg)
Никита Хэнд хэмээх эмэгтэй 2018 түүнд хүчиндүүлсэн гэж гомдол гаргаад, 248 мянган евро нэхэмжилсэнийг шүүх хүлээн авч, тус мөнгийг гаргаж өгөхийг Макгрегороос шаардсан. Гэвч Макгрегор шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй, давж заалдсан ч шүүх гомдлыг нь хүлээн авахаас татгалзсан юм.
Улс төрийн идэвхийн тухайд бол Конор Макгрегор аль нэг намын гишүүн бус. Улс төрийн ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй. Ирландын Ерөнхийлөгч 7 жилийн хугацаатай сонгогддог бөгөөд бэлэг тэмдгийн шинжтэй. Ерөнхийлөгч хууль санаачлах болон хууль батлах эрхгүй.
.jpg)
Өнгөрсөн гуравдугаар сард Цагаан ордонд үг хэлэхдээ Конор Макгегор хууль бус цагаачдын асуудлаас болж Ирланд улс Ирланд шиг байхаа больж буй талаар мэдэгдээд, Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөнө гэж зарласан юм.

Сэтгэгдэл ( 0 )