Өнөөдөр Канадын хоккейн нэрийг гутаасан гэх дуулиант хэргийн шүүх хурал эхэлж байна. Хоккейн эх орон гэгддэг Канад улс даяараа энэ хэрэгт холбогдсон таван хоккейчнийг буруутайд тооцох эсэх эцсийн шийдвэрийг хүлээж байгаа биз ээ.
2018 онд Дэлхийн залуучуудын аварга болсон Канадын шигшээ багийн таван тоглогч Лондоны нэгэн зочид буудлын өрөөнд 20 настай бүсгүйг дараалан хүчиндсэн хэрэг гарсан гэх мэдээ цацагдаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм.
Хохирогч эмэгтэй хоккейчин залуу Майкл Маклеодтай цэнгээний газар танилцаж, улмаар зочид буудалд орж секс хийхийг зөвшөөрсөн гэдгээ бол хүлээсэн. Харин Маклеодыг багийнхаа дөрвөн найзыг дуудан авчирч, бүгдтэй нь дараалан секс хийхийг бол зөвшөөрөөгүй, энэ бол хүчингийн хэрэг гэж гомдол гаргасан юм.
Майкл Маклеодын дуудсан гэх багийнхан нь Диллон Дьюб, Кэт Фүт, Алекс Форментон, Картер Харт нар. Хэрэг гарах үед эдгээр таван тамирчны дөрөв нь NHL-ийн клубт харъяалагдаж, нэг нь Европт тоглодог байжээ.
Дөрвөн залуу нэмж орж ирснээр бүсгүйг хүчиндэхдээ хэрцгий, самуун, танхай үйлдэл гаргасан гэж хохирогчийн тал үзэж байгаа юм.
Харин хоккейчдийн өмгөөлөгч “Тэр эмэгтэй өөрөө шөнийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэж, Маклеодоос найз нараа дуудахыг хүссэн” гэж мэдэгджээ. Хоккейчид ч энэ үгийг баталж “Тэр эмэгтэй өөрөө бидэнд зөвшөөрсөн” гэж нэг дуугаар хэлж, өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлсэн байна.
Хоёр тал хэргийн гол баримт болгож зурвасуудыг ашиглаж байгаа. Ялангуяа Маклеодын найз нар руугаа бичсэн зурвас, хоккейчдын хоорондоо энэ хэргийн талаар бичсэн бүхнийг шалгаж үзжээ. 2021 онд хоккейчид групп чатанд болсон явдлын үр дагаврыг газар авахуулахгүй арилгах аргуудын талаар бичсэн нь бий гэнэ. Мөн Маклеод “Хэрвээ биднээс байцаалт авбал бүгд нэг л зүйлийг ам нэгтэй ярих хэрэгтэй” гэсэн зөвлөгөө маягийн зурвас ч баримт болгож хавсаргажээ.
“Юу ч өөрөөр бодож хэлэх гэх хэрэггүй шүү, залуус аа. Бид ямар ч муу юм хийгээгүй. Бид тийшээ юм идэхээр л орсон. Тэгтэл бүсгүй ирсэн. Тэр өөрөө бид бүгдтэй хийхийг хүссэн” гэж таван хоккейчний нэг нь зурвас бичжээ. Мөн бүсгүй алчуураар нүүрээ дарчихаад “Тийм ээ, харилцан тохиролцсон” гэж хэлж буй бичлэг ч байгаа гэнэ.
Харин хохирогч бүсгүй “Би тухайн үед маш таагүй байдалд орсон болохоор өөрийгөө хамгаалах гэсэн зөнгөөрөө порно одын дүрд орсон. Энэ бол өөрийгөө хамгаалах, тэр аймаар байдлаас гарах гэсэн санаа...” гэж мэдүүлсэн байна. Мөн хоккейчин залуус гольфын бөмбөг, хоккейн цохиур бэлэг эрхтэн рүү нь хийх тухай хүртэл ярьж байсныг тэмдэглэн хэлжээ.
Энэхүү хэргийг Канадын хоккейн нэр төрийг гутаасан явдал, тогтолцооны гажуудал гэж нэрлэж, олон нийт шүүх хуралдааныг анхааралтайгаар ажиглаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )