Өмнөд Солонгосын S Line хэмээх зургаан ангитай сериал Canneseries наадмын үеэр нээлтээ хийж, басхүү шагнал гардаад амжсан.
Долоо хоногтоо хоёр анги шинээр оруулж, үзэгчдийн анхаарлыг татаад буй энэ киног 2018 онд A Boy and Sungreen киногоороо олны танил болсон найруулагч эмэгтэй Ан Жүн Ён бүтээсэн юм.
Oh My Girl хамтлагийн дуучин Аринтай найруулагч эмэгтэй уулзаад энэ киногоо түүнд зориулан зоригтойгоор хийх ёстой юм байна гэж шийдсэн тухайгаа ярьжээ.
“Аринтай анх уулзаад, шийдэмгий дүр төрхийг нь хараад шаардлагатай үед түймэр тавьчихаж ч чадна гэдгийг нь мэдэрсэн. Энэ нь хамтдаа юу ч хийж чадна гэдэг итгэл өгсөн юм” хэмээн өгүүлжээ.
Харин 26 настай Арин “Одоо л хийхгүй юм бол хэзээ хийх юм бэ?” гэж би бодсон. Өөрийгөө өөр талаас нь харуулахыг ч маш их хүссэн” хэмээн мэдэгджээ.
Сериал Арины буюу түүний бүтээсэн Хён Хипийн дүрийн “Амьдралд харах хэрэггүй зүйл гэж байдаг. Харж болохгүй зүйлс гэж байдаг. Харин би төрөлхөөсөө энэ зураасуудыг харсан” гэсэн үгсээр эхэлдэг.
Хён Хипийн гэр бүлийн амьдралын эмгэнэлт явдал энэ далд увдистай ч холбоотой байх магадлалтай гэсэн бодол эрхгүй төрүүлнэ.
Хожим нэгэн аллагын гэрч болсныхоо дараа үхлийн шалтгаан нь улаан зураастай холбоотой байж магадгүй гэж үздэг. Энэ бодол нь түүнийг мөрдөгч болон нэг л сэжигтэй багш эмэгтэйтэй уулзуулж, байдал улам ээдрээтэй болно.
40 настай загвар өмсөгч, жүжигчин Ли Да Хигийн бүтээсэн гэмгүй, онгон мэт багш эмэгтэй Ли Кюү Жинийг үзэгчид нэг л сэжигтэй дүр гэж үзээд байгаа.
Сексийн харьцаатай байсан болон байгаа хүмүүсийн толгой хоорондоо үл үзэгдэгч улаан зураасаар холбогдож, тэрхүү холбоо нь нас барахад үгүй болдог. Аллага, хувийн нууц, улаан утас, хүний амьдралын хувь тавилангийн тухай фантастик-триллер жанрын энэ кино Дэлхий дахины сонирхон үзэж буй сериалуудын нэг болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )