WNBA-гийн Бүх Оддын тоглолтын үеэр Кэйтлин Кларк “Бидэнд төлөх ёстойгоо төл” гэсэн бичигтэй футболка өмссөн байлаа. Зөвхөн Кэйтлин Кларк ч биш мөн Кэлси Плам болон Бүх Оддын тоглолтод оролцсон тамирчид тэмцэлд нэгдэж буйгаа илэрхийлэн, биеийн халаалтын үеэр адил футболка өмссөн юм.
Бүх Оддын тоглолтын MVP шагнал гардах мөчид ордонд цугласан олон түмэн “Тэдэнд төлөх ёстойгоо төл! Төлөөч! Төл!” хэмээн хашхиралдаж, тэмцлийг дэмжиж буйгаа дуу нэгтэй нотолсон.
Зөвхөн талбай дээр юм уу эсвэл ордонд энэ тэмцэл өрнөөд зогссонгүй. Цагтаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтон ч эмэгтэй сагсан бөмбөгчдийн талд үгээ хэлжээ.
“Бид бүгдээрээ эмэгтэйчүүдийн спортыг үздэг. Тиймээс эмэгтэй тамирчдад төлөх ёстой мөнгөө төлөх ёстой. Хөдөлмөрийн хөлсний тэгш хуваарилалтын төлөө тэмцэгчдийг би дэмжиж байна” хэмээн мэдэгджээ.
Хиллари Клинтон ийнхүү байр сууриа тодорхой илэрхийлсэн нь олон улсад энэ тэмцлийн тухай мэдээ түгэхэд ч нэмэр болсон байна.
WNBA-гийн үзэгчдийн тоо өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 23 хувиар, тасалбарын борлуулалт 26 хувиар, нэг багийн тоглолтын үзэгчдийн тоо дунджаар 13 хувиар нэмэгджээ.
Шинэ баг “Голден Стэйт Валькирис”-ийн тоглолтыг л гэхэд дунджаар 18 мянган үзэгч тогтмол очиж үзэж байгаа юм. Энэ нь WNBA-гийн эрэлт ихэссэний хамгийн наад захын жишээ болж байна.
“Индиана”-гийн супер од Кэйтлин Кларкийн сагсанбөмбөгт оруулж буй хувь нэмрийг хэдэн тэрбум ам.доллароор үнэлэхээр байгаа атал лигээс ердөө л 84 мянган ам.доллар хүртдэг гэнэ.
“Бид хөдөлмөрийн гэрээнд заасан цалингаас гадна өөр орлоготой нь азтай хэрэг. Гэхдээ хүртэх ёстой мөнгөө авах ёстой” хэмээн Кэйтлин Кларк өгүүлжээ.
WNBA-гийн Бүх Оддын тоглолтыг Дэлхийн даяар ойролцоогоор 4 сая хүн шууд үзсэн нь энэхүү тэмцлийг дэмжигчдийн тоог эрс нэмжээ. Лигийн комиссар Кэти Энгельберт лигийн үзэгчдийн тоо өсөхтэй зэрэгцэн орлого нэмэгдэж буйг дурдаад тамирчдын цалинг нэмэх талаар яриа хэлэлцээр амжилттай болох магадлалтайг дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )