Ян Хансэний эхний тоглолтыг 5.2 сая хүн шууд үзжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 21

 

NBA-гийн “Портлэнд Трэйл Блэйзерс” Хятадын 20 настай, 216 сантиметр өндөр төвийн тоглогч Ян Хансэнийг драфтаар авсан.

Зуны лигийн “Портлэнд”-“Мэмфис”-ийн тоглолтыг 5.2 сая хүн шууд үзсэн гэсэн дүн гарсан байна. Үүний дийлэнх нь мэдээж хятадууд байлаа. NBA-гийн плей-оффын зарим тоглолтыг ч ийм олон хүн шууд үздэггүй.

Драфтын нэгээр сонгогдсон Күпэр Флэггийн эхний тоглолтыг л гэхэд Америкт 1.1 сая хүн л шууд үзсэн юм. Ийнхүү Ян Хансэнийг дагаад “Портлэнд” болон NBA-гийн үзэгчдийн тоо эрс нэмэгдэж эхэллээ.

Америк руу явахын өмнөхөн Яо Мин утсаар ярьж, зөвлөгөө өгсөн гэнэ. “Наашаа гарахын өмнөхөн Яо Мин надтай утсаар ярьж, туршлагаасаа хуваалцсан. “Хоол хүнс, уух юм, нойр гээд бүхнээс нь таашаал мэдрээрэй” гэж надад хэлсэн. Яо бол Хятадын сагсанбөмбөгийн нүүр царай. Хосгүй тоглогч. Харин би бол дөнгөж замналаа эхлүүлж буй залуу. Яо бол диваажингийн тоглогч. Түүнтэй харьцуулбал би савны ёроол дахь үнс төдий” хэмээн өгүүлжээ.

Мөн тэрбээр хэт их зүйл бодохгүй байхыг хичээж буйгаа хэлсэн байна. “Манай ардын мэргэн үг байдаг юм. “Найман цагийн дараа болох юманд санаа зовоод хэрэггүй” гэж. Найман цагаас өмнө ч болох байлаа гэсэн хэт их санаа зовох хэрэггүй. Өөдрөг байж, аяллынхаа замаар алхах хэрэгтэй. Хүн бүртэй уулзан танилцахаасаа таашаал авахыг хичээж, аз жаргалтай байхыг зорино.

Сургуульд би сайн сурдаггүй, илүүдэл жинтэй хүүхэд байсан. Аав намайг спортоор хичээллэ гэж их шахна. “Битгий тарган юм болчихоорой” гэж мөн ч их хэлсэн. Олон хүн намайг анзаарч, анхаарлаа гээд би барьц алддаггүй. Энэ бол ажлын нэг хэсэг. Харин ч бүр хошин зангаа таниулах сайхан боломж.

Заримдаа миний нүүр царай ямар ч хувиралгүй болчихыг та бүхэн харна. Тэглээ гээд сэтгэлээр унасан гэж үг биш. Зүгээр л унтах гээд байхгүй юу. Заримдаа би үг ч унагахгүй. Яагаад гэвэл хурдхан орондоо орчихмоор санагдаад тэр. Мэдээж, дарамт их байгаа. Би зүгээр л Хятадад байгаа хүмүүст өөрийгөө сайн явааг харуулахсан гэж хүсэж байна” хэмээн Ян Хансэн өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu