Сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ-ий шөвгийн дөрвийн тоглолтууд өнөөдөр болно. Хамгийн том зүрхтэй, маш өөдрөг хүн л өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн шигшээд өрсөлдсөн хэвээр байна, Дэлхийн аваргын медалийн төлөө тоглож байх болно гэж ам бардам хэлэх байсан биз.
Гадаадын спортын хэвлэлүүд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн энэ амжилтыг "Үнсгэлжингийн үлгэр" гэж нэрлээд байна.
Тэгвэл үнсгэлжингүүд маань өчигдөр АНУ-ын шигшээг шөвгийн 8-д хожсоны дараагаар юу ярьсныг сонирхуулъя.
О.Хулан: Итгэмээргүй, бодит биш юм шиг санагдаж байна. Дэлхийн шилдэг багтай тоглоод бид хожлоо. Шөвгийн наймд хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хожлоо. Хөгжөөн дэмжигчид үнэхээр гайхамшигтай дэмжлээ. Сэтгэлээ илэрхийлэх үг олдохгүй байна. Гэхдээ бидний тоглолт дуусаагүй, болоогүй байна. Маргааш дахиад хоёр тоглолтод хожихоор тэмүүлнэ. Бидний гайхамшигтай хожил үргэлжилсээр байна.
Н.Нандинхүсэл: Би АНУ-ын энэ шигшээ багийн тоглогчдод өмнө нь хожигдож байсан. Ер нь яаж тоглодгийг нь мэднэ. Эд нар АНУ-ынхаа миний насны хамгийн од тоглогчид нь. Өнөөдөр бид эх орондоо байна, өнөөдөр бид гайхалтай хожлуудыг үргэлжлүүлсээр байна. Өнөөдөр бид яагаад хожиж чадахгүй гэж бодож гарсан. Эд нарт гурав дахиа хожигдохгүй гэж өөртөө би амласан. Эгч нартайгаа энэ гайхамшигтай хожлыг байгуулж чадлаа. Сүүлийн хоёр шидэлт дээр их итгэлтэй байсан. “За за, ингээд хожчихлоо. Зүгээр тайван хоёр шидье. Маргааш дахиад хоёр хожил шүү, Нандинхүсэл ээ! гэж л бодож байсан. Энэ хожлыг байгуулахад манай гишүүн бүр маш их хөдөлмөр зарцуулсан. Би эгч нараараа бахархаж байна. Би энийг дахин хэлье. Эгч нартайгаа хамт зогсож буйдаа маш их баяртай байна”.
М.Цэрэнлхам: “Энэ бол зүүд биш. Энэ бол мөрөөдөл байсан. Энэ бол маш олон жилийн хүч, хөдөлмөр. Маш их сэтгэл хөдөлж байна. Сагсанбөмбөгийн эх орон АНУ-ыг хожиж чадлаа, талбай дээрээ хожиж чадлаа. Үзэгчид аймаар байлаа, дэвжээ аймаар байлаа. Энэ бол зүгээр л гайхамшиг. Би эх орныхоо төлөө гэсэн цохилох зүрхтэй болохоор хожиж чадлаа. Үнэхээр гоё байна. Бүх хүмүүстээ баярлалаа. Холбооныхондоо баярлалаа, ар албаныхандаа баярлалаа, бүх дасгалжуулагч нартааа баярлалаа, өдий зэрэг хүргэсэн хүн бүрт баярлалаа, хамтарсан бэлтгэл хийдэг хүүхдүүддээ баярлалаа. Дэмжиж байгаа бүх Монголчууддаа баярлалаа...
Өнөөдөр шөвгийн дөрөвт Польштой тоглоно. Тоглолт 17:25 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл ( 4 )
Ерөнхийлөгч маань шагналаа бэлдэж бгаа байлгүй дээ. Хөөрхөн охидуудаа гавьяатаар, баатраар шагнаарай...
Эрт баярлах дэмий байх.
Эрт баярлах дэмий байх.
Эрт баярлах дэмий байх.