Монголын сагсанбөмбөгийн НАНДИНХҮСЭЛИЙГ биелүүлж, шөвгийн дөрөвт шалгарлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 28

3x3-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талбайт Монголын эмэгтэйчүүдийн шигшээ гайхамшгийг бүтээж, биднийхээ магнайг тэнийлгэж, аугаа түүхийн хуудсыг ахиулан, эргүүлэн бичсээр байна.

Хэдхэн минутын өмнө сагсанбөмбөгийн эх орон АНУ-ын шигшээ багийг Монголын шигшээ хожиж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Хэсгийн эхний хожлоор нь бид бахархсан бол дараа нь дахиж хоёр хожоод хэсгээсээ гарахад Монголын сагсанбөмбөгийн түүхийг бичлээ гэж магтсан.
 


Тэгвэл дараа нь шөвгийн 16-д БНХАУ-ыг шигшээг хожиход Монголын сагсчин бүсгүйчүүдийн гайхамшиг үргэлжилсээр байна гэж мэдээлсэн. Гэтэл үүгээр дууссангүй. Гайхамшигт, бахархалт, үзэсгэлэнт, зоригт бүсгүйчүүд маань АНУ-ын шигшээг шөвгийн наймд хожиж, шөвгийн дөрөвт шалгарлаа.
 


Шигшээ багийн тоглогч М.Цэрэнлхамын хэлсэн шиг “Энэ бол зүүд биш мөрөөдөл биелсэн явдал” боллоо. Монголын сагсанбөмбөгийн үе үеийн нандин хүсэл, мөрөөдлийг 18-хан настай Н.Нандинхүсэл торгуулийн сүүлчийн хоёр шидэлтээрээ итгэлтэйеэ биелүүллээ.
 

Маргааш Монголын шигшээ Польшийн шигшээтэй шөвгийн дөрөвт тоглоно. Хэрвээ хожвол Дэлхийн аваргын алтан медалийн төлөө гарах болно. Гайхамшигт Монголын эмэгтэйчүүдийн шигшээдээ амжилт хүсье!
 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.175) 2025 оны 06 сарын 29

Хожил нь амжилт авчирсан гэмээр сайхан бна монгол охид хүчтэй шүү

1  |  0
Close menu