“3Х3-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зүгээр нэг зохиоё гээгүй юм” гэж Онолбаатарын Хулангийн хэлсэн өдөр бүр улам батлагдсаар, эмэгтэйчүүдийн шигшээ баг маань шөвгийн 8-д шалгарлаа.
Өнөө орой АНУ-ын шигшээ багтай тоглох болно. Плей-ин буюу шөвгийн 16 ч гэж хэлж болохоор хасагдах эхний шатанд БНХАУ-ын шигшээтэй тоглосон талаар гадаадын хэвлэлд юу гэж бичсэнийг энд товчлон сийрүүллээ.
“Монгол бүсгүйчүүд тэмцлээ үргэлжлүүлсэн хэвээр байна. Тэмцээнийг зохион явуулагчид плей-инд тэргүүлэгч Хятадын шигшээтэй халз тулгарлаа. Хятадын шигшээгийнхэн өрсөлдөгчөөсөө илт өндөр, том ч гэлээ монгол бүсгүйчүүд ээлж дараалан дайрсаар байлаа.
Хоёр баг оноогоор ээлжлэн тэргүүлж, ана мана өрсөлдсөний эцэст нэмэлт үе рүү орлоо. Нэмэлт үед Украины шигшээд тохиолдсонтой төстэй явдал давтагдаж, энэ удаад Бат-Эрдэнийн Ариунцэцэг цагариганд оновчтой довтолж, хожлын оноо авч, нутгийнхаа хөгжөөн дэмжигчдийг ихэд баярлууллаа.
Шийдвэрлах агшинд Б.Ариунцэцэг өөр дээрээ хариуцлага авч, Хятадын өндөр, хүчирхэг багийн эсрэг зориглон довтолсон юм. Торгуулийн талбайд өрсөлдөгчөө оруулж, өөрөө бөмбөгийг дахин авч шидэж ч чадлаа. Тэрбээр энэ тоглолтод 9 оноо авч, багтаа хожил авчирлаа” хэмээн бичжээ.
Монгол бүсгүйчүүд маань эх орныхоо сагсанбөмбөгийн түүхийг баяр, бахархлаар дүүрэн шинэ хуудсаар нэмсээр байна.
Сэтгэгдэл ( 1 )
Өндөр биш ч хурдтай өөртөө итгэлтэй бие өиеэ мэдэрсэн бна монгол охидын бахархал болж чадлаа охид мандтугай