Унгарын татамиас Дэлхийн аваргын алтан медалийг энгэртээ зүүсэн Францын 24 настай Жоан-Бенжамин Габагийн ботго тором шиг алаг нүдэнд оч гялалзаад “Нэг удаа аз дайрч болно. Харин хоёр удаа бол үгүй” гээд инээмсэглэжээ.
“Их дуулга”, “Гран При”-гээс нэг ч медаль авч үзээгүй хэрнээ Парисын олимпоос мөнгөн медаль хүртсэн тэрбээр уржигдархан Дэлхийн аварга болсон. Түүнийгээ аз биш гэж хэлж буй нь энэ юм.
“Том тэмцээн л намайг асааж, ялалтад хүрэх хүсэл эрмэлзлэлийг минь төрүүлдэг юм шиг байна. Өөрийгөө ялж гарахын тулд том тэмцээн л хэрэгтэй болдог байж мэдэх юм. Харин “Их дуулга” бол ялалтын өмнөх бэлтгэл юмуу даа. Яг яагаад гэдгийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ зөвхөн том тэмцээн л дотор байгаа араатныг сэрээх юм” гэж өгүүлжээ.
Парисын олимпоос мөнгөн медаль хүртчихээд “Энэ медаль надад дуусгаагүй ажлын амтыг мэдрэх хүсэл төрүүллээ. Алтан медалийг амтлах хүслийг бадраалаа” гэж Габа мэдэгдэж байлаа.
“Олимпын медаль миний эргэлзээг тайлж, итгэл өгсөн. Өмнө нь бэлтгэл хийхдээ зөв замаар явж буй эсэхдээ эргэлзэж, өөртөө итгэх итгэл алдрах үе байсан. Харин энэ мөнгөн медаль зөв явааг минь нотолсон болохоор одоо өөртөө бүрэн итгэх болсон” гэж тэр Парисын дараа ярилцлагадаа дурдаж байсан юм.
Ирээдүйд их амжилт гаргана гэж итгэсэн 9 залуу тамирчныг Францын Жүдо Бөхийн Холбоо 2020 оноос Стефан Фремонт дасгалжуулагчийн удирдлага дор тусгайлан бэлдэж эхэлсэн юм билээ. Тэр залуус өөрсдийгөө “Тусгай хүчнийхэн” гэж нэрлэх болсон байна.
“Бид анх цуглаад л өөрсдөдөө “Тусгай хүчнийхэн” гэдэг нэр өгсөн. Бид мэргэжлийн тамирчны ёс зүйг чандлан баримталж, давахгүй гэсэн давааг давж гарахын төлөө тэмүүлдэг. Сэтгэлзүй болон биеийн бэлтгэл дээрээ байнга шаргуу ажилладаг. Үргэлж өөдрөг, хүчтэй байж чаддаг. Бид бие биенийгээ ирлэж бас дэмжиж өгөх үүрэгтэй” гэж Габа өгүүлжээ.
Габаг одоо Францын жүдогийн том од, нүүр царай гэж хэлж болохоор болж байна. Түүнээс хүүхэд залуус үлгэр дуурайлал авч, “Габа шиг бөх болно” гэх нь олширчээ.
“Медаль бол өдөр тутмын хүнд хөдөлмөрийн шагнал. Ялагдлын мэдрэмж бол аймшигтай. Тэр аймшгийг мэдрэхгүйн тулд бүхнийг хийдэг. Яг одоо бол ялалтын гайхамшигтай сайхныг мэдэрч, таашаал авч байна” хэмээн Жоан-Бенжамин Габа ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )