Зургаадугаар сарын эхээр Нидерландын Эйндховенд товлосон Сонирхогчдын боксын цомын тэмцээнд Олимпын аварга Алжирын тамирчин Иман Хэлиф оролцохоор нэрээ өгчээ.
Иман Хэлиф өнгөрсөн Парисын олимпын үеэр эмэгтэй биш эрэгтэй хүн гэсэн дуулианы эзэн болж, дэлхий даяарын маргааны эх үүсвэр болсон. Олимпдоо ч түрүүлсэн. Тэгвэл одоо дахин рингнээ гарах сургаар эргэн маргаан дэгдэж эхлээд байна.
Эйндховений цомын тэмцээнийг зохион байгуулагчид “Иман Хэлиф энд дахин ирж, аваргын алдраа хамгаалах болсонд бахархаж байна” хэмээх плакат нийтлэн тараажээ.
Иман Хэлифийг 2023 оны Боксын ДАШТ-д эр хромосом нь давамгайлсан хэмээн үзэж оролцуулаагүй юм. Гэвч Парисын олимпын наадамд байгалийн өгөгдлийг нь бус харин баримт бичгийг нь буюу иргэний үнэмлэх дээрх хүйсийн тодорхойлолтыг баримтлан оролцуулсан.
Олимпын рингнээ Италийн Анжела Карина түүнтэй ердөө 46 секунд тулсныхаа дараагаар тулаанаас татгалзаж, нулимстай буухдаа “Би амьдралдаа хэзээ ч ийм хүчтэй цохиулж үзээгүй” гэж хэлсэн нь Иман Хэлифийг эрэгтэй хүн байна гэсэн утгыг илэрхийлж байлаа.
2022 онд Мексикийн боксчин бүсгүй Брианда Тамара түүнтэй мөн рингнээ таарч тоглосныхоо дараа “Би боксчны 13 жилийн замналдаа хэзээ ч ийм хүч мэдэрч байгаагүй. Эрчүүдтэй бэлтгэл хийхдээ ч ингэж хүчтэй цохиулаагүй” гэж мэдэгдсэн удаатай юм.
Харин Иман Хэлиф өөрийгөө байгалиасаа цэвэр эмэгтэй хүн гэдэг.
“Би бусдын л адил эмэгтэй хүн. Би эмэгтэй төрсөн, амьдралынхаа турш эмэгтэй хүн шиг л амьдарч ирсэн” гэж мэдэгдэж байсан юм. Мөн 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадамд оролцох бодолтой гэдгээ ч хэдэн сарын өмнө зарласан билээ.
Иман Хэлиф өөрийг нь сошиал орчинд эсэргүүцэж, буруутгасан нэрт зохиолч Жоан Роулинг болон тэрбумтан Илон Маск нарын зэрэг хүмүүсийг шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн ч арчдасын шинжилгээгээ өгөхөөс татгалзсан юм.
Хэрвээ арчдасын шинжилгээ өгвөл хариу нь түүний ямар хүйсийн хүн болохыг маш тодорхой хариулж, маргаанд цэг тавих боломжтой ажээ.
Эйндховений цомын тэмцээнийг зохион байгуулах үүрэг хүлээсэн Эрик ван ден Ховел “Олон Улсын Олимпын Хороо түүнийг тэмцээнд орохыг зөвшөөрч, олимпын наадамд оролцуулсан биз дээ. Гэтэл бид “Таныг энэ тэмцээнд оролцуулахгүй” гэж яаж хэлэх юм бэ. Манай тэмцээнд олон аугаа тамирчин ирнэ. Иман Хэлифийн хувьд эмзэг, нарийн асуудал гэдгийг мэдэж байна. Бид хувь хүний эрх чөлөөг хаах ёсгүй. Ойрын хугацаанд энэ тал дээр илүү тодорхой мэдээлэл гарна гэж найдъя” хэмээн мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хаха, Яахыг Трамп ахаас л асуу даа, ах нэг юм хэлэх биз