1. Мэдээж хэрэг гадаадын хөрөнгө татаж, тэдэнтэй хууль эрх зүйн хүрээнд харилцан ашигтай ажиллах зарчим байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шууд утгаар нь үгүйсгэж байгаа зүйл алга. Хамгийн гол нь шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, хүн ам зүйн бодлогод нөлөөлөх заалт бий.
2. Гадаадын хөрөнгө оруулалт нэрээр чухам юу хийв гэхээр бас асуудалтай учраас үүнийг хөндөж эсэргүүцээд байгаа хэрэг. Монгол Улсад 1990-2023 он хүртэл 41.7 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирсэн баримт бий. Үүний 73 хувь нь уул уурхайд орсон. Гэтэл өнөөдөр Хүнд, хөнгөн үйлдвэр босгосон нь хаа байна. Харин ч эсрэгээрээ хөрөнгө оруулалт нэрээр ухаад орхисон онгорхой нүхтэй, сүйдсэн байгаль орчинтой үлдсэн. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд хайнга хандаж болохгүй гээд байгаа юм.
3. Анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэж батлагдаж байсан. Ингэхдээ гадаадын иргэнд газрыг 60 жил+40 жилээр ашиглуулна гэж орсон. Тэгвэл 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчлөхдөө “эзэмшүүлнэ” гэх үг нэмсэн нь Үндсэн хууль зөрчсөн заалт байсан. Түүнээс бус 60, 40 жил гэсэн заалт хэвээрээ. Өөрөөр хэлбэл 1993, 2013, одоо өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд 60, 40 жил нь хэвээрээ байна.
4. Мөн 2013 оны нэг дэвшил нь “Гаднын хөрөнгө оруулагч компаниар бүртгүүлэхэд 100 мянган ам.доллараас эхлэн босго тавьж, тухайн компанийн 25 хувиас дээш хувийг эзэмшиж байгаа этгээдийг гадаадын хөрөнгө оруулагч гэж үздэг болгосон бөгөөд дөрвөн компани 25 хувь дээр нийлээд хөрөнгө оруулалт хийлээ гэхэд тухайн дөрвөн оролцогчоос тус бүрд нь 100 мянган ам.доллар /нийт 400 мянган ам.доллар/ авдаг заалт оруулсан.
5. Харин одоо өргөн бариад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд 100 мянган ам.долларын босгыг тэглэчихсэн. Гэхдээ Үндсэн хууль зөрчиж байгаа “эзэмшүүлнэ” гэх үгийг авсан. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр ямар ч хөрөнгө оруулахгүй хаанахын хэн гэдэг хүнд Хөрөнгө оруулалтын тухай хууль өргөн барьж, хэнд зориулаад байгаа юм гэдэг асуудал урган гарна. Энэ нь Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж нэрлэчихээд газар олгох тухай хууль яриад байгааг юу гэж ойлгох вэ. Энд л асуудал байна. Эсэргүүцээд байгаа зүйл чинь энэ шүү дээ.
6. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр эзэмших ёстой 0.07 га газраа эзэмшиж чадахгүй чирэгдэл болж байхад гадаадын иргэнд шууд ашиглуулахаар 100 жилээр өгч байгааг ямар ч иргэн эсэргүүцнэ.
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛИАС...
7. 1.Газрын тухай хуулийн зохицуулалтаар газар ашиглах, эзэмших эрх нь субъект, ашиглах зориулалт, хэмжээ, хугацаа зэргээрээ өөр өөр байдаг. Тухайлбал, субъектийн хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлдэг.
8. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол Улсын хуулийн этгээд мөн боловч Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших бус зөвхөн ашиглах эрхтэй. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийг зөвхөн газар ашиглах эрхтэй байхаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол журмаар ашиглуулж болно” гэж тусгасан байдаг.
9. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн “Газрын харилцаа үндэсний өв уламжлал, тусгаар тогтнолын үндэс” гэх үзэл санаатай холбоотой. Үүний учир гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид газар эзэмших эрх олгох нь Үндсэн Хуулийн үзэл баримтлалтай харшилдаг.
10. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ 23 ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Ашигт малтмалын болон Банкны тухай, ААН-ийн тухай болон Дампуурлын болон Орон нутгийн засаг захиргааны нэгжийн тухай зэрэг 23 хуульд дагаж өөрчлөлт орж шинэчлэл хийнэ, процессийн зохицуулалтууд орно гэдгийг ЭЗХ-ийн дэд сайд тодотгож байсан. Ингэснээр хөрөнгө оруулалт болон бизнесийн хуулиудын суурь сайжирч, Монгол Улсад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ хэмээн үзжээ.
ЭЗХЯ-НЫ БАЙР СУУРЬ БУЮУ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ
1. Хөрөнгө оруулалттай холбоотой аливаа хориг саад, хязгаарлалтыг арилгах,
2. Хөрөнгө оруулалттай холбоотой Газрын тухай хуульд тусгасан асуудлыг эргэн харж, хууль эрх зүйн таатай нөхцөл бүхий орчныг бий болгон шийдвэрлэх,
3. Хөрөнгө оруулалттай холбоотой маргааныг шийдвэрлэх эрх зүйн баталгаа болон хамгаалалт бүхий зохицуулалтыг хийж өгөх зэрэг өөрчлөлтийг тусгажээ.
4. Хөрөнгө оруулалттай холбоотой маргаан, гомдлыг манай улсад удаан авч үздэг. Одоо мөрдөж буй хуулиар хэтэрхий бүрхэг шийдэхээс гадна төрийн яамд болон аймаг, орон нутгийн байгууллагууд өөр өөр шийдвэр гаргадаг нь эргээд хөрөнгө оруулагчдыг хохироодог.
5. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ойлгомжгүй, ил тод, нээлттэй бус, хүнд суртал их гаргахаас гадна татвараас аваад хууль эрх зүйн орчин тогтворгүй байдаг.
6. Хөрөнгө оруулагч нар арбитрт хандах боломж нь хязгаарлагдмал. Хөрөнгө оруулагчдыг залхааж цаг хугацааг нь авч, их зардал гаргадаг.
7. Хөрөнгө оруулагч нар арбитртай харилцах боломжийг нээж өгөх үүднээс тухайн хөрөнгө оруулагч маргаантай асуудлаар өөрийн сонгосон орны арбитрт хандаж байх талаар тусгах.
8. Эрх зүйн хувьд сонголт хийх нээлттэй боломж бололцоог гаргаж өгч байна. НҮБ-ын гишүүн орнуудын хувьд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар олон улсын шүүх, арбитрт гомдол саналаа тавихдаа өөрийн сонгосон улс орны шүүх, арбитрт хандах эрхтэй байдаг зарчимыг хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )