Цэргийн зөвлөхгүй цэрэг, дайны сэдэвт киноны ЭМГЭНЭЛ

2025 оны 02 сарын 11

Сүүлийн үед түүхэн болон цэрэг-дайны сэдэвт киноны зураг авалт хийхдээ цэргийн зөвлөх авахгүй, цэргийн зөвлөх ажиллуулдаггүй болжээ. 

Ингэхээр тухайн кинонд дүрэмт хувцасны алдаа гарч,судалгаа нь тааруу харагдаж, үзэгчид сэтгэл хангалуун бус байх нь элбэг болсон билээ.

Нэгэн цагдаагийн тухай кинон дээр гэхэд Зүүн Германы сэргийлэгчийн цамцан дээр китель дээр хаддаг хошуучийн погон зүүчихсэн харагдах. Бас нэг цагдаагийн тухай кинон дээр мөрдэсөө буруу харуулаад хадчихсан. Монгол цэргүүд гэхэд Зөвлөлтийн армийн Алх хадуурт бүс зүүчихсэн байх жишээний...

Зарим түүхэн сэдэвт кинонд гэхэд аль улсын цэргийн дүрэмт хувцас нь мэдэгддэггүй. Залуу бүтээлчид соц үеийн болон орчин үеийн Монголын хүчний байгууллага болон зэвсэгт хүчний дүрэмт хувцасны журам, загваруудыг сайн судалж, анхаарч байх хэрэгтэй гэж боддог. Зарим нь тайлбарлахдаа уран сайхны зохиомж, хэтрүүлэг гэж хэлдэг боловч энэ нь түүхийг гуйвуулсан, өнгөрсөн үеийг харлуулахыг хичээсэн, хүүхэд, залуучуудад буруу ойлголт өгсөн тийм зүйл болоод байна.

Мөн тэсрэх бодис пиротехникийн болон буудлагын зэвсгийн байлдааны гал буюу бууны амнаас сум гарах үеийн гал болон дым буюу утаа нь хиймэл, үнэмшил муутай хийсэн харагддаг болсон.

Мэдээж сүүлийн үед комьпютер график ашиглаж байгаа нь зардлын хувьд хэмнэлттэй боловч кинондоо аюул багатай пиротехник сургуулийн сумыг дахин ашиглах хэрэгтэй гэж бодож байна.

Та бүхэн Алтан үеийн Монголын уран сайхны кинонуудын байлдааны хэсгүүдийг сайн хараарай... Жишээлбэл "Ардын элч" кинонд Дарьбазарын гэр хэрхэн бөмбөгдөлтөд өртөж байгааг... Маш өндөр түвшиний пиротехник ашигладаг байсан шүү дээ....

"Байтаг богд" хэдийгээр давгүй кино ч гэсэн тэнд цэргийн зөвлөх ажиллаагүй, судалгаа тааруухан, дүрэмт хувцаслалт, байлдааны хэсгүүд нь үнэмшил муутай харагддаг. Хэзээ ч зөөврийн хамгаалалтын хайрцагтайгаа байгаа галгүй миномётын сумыг винтовоор буудаад дэлбэрэхгүй шүү дээ.

Мөн маршал Х.Чойбалсангийн дүрэмт хувцсанд алдаа гардаг. 1947-1948 оны үед маршал Х.Чойбалсан мөрдэстэй дүрэмт хувцастай байсан. Гэтэл энэ кинон дээр 1936-1939 дүрэмт хувцастайгаар зураг авсан байдаг. Сүүлийн үеийн цэргийн кинон дээр бавайсан бавайсан сахалтай нөхдүүд дүрэмт хувцас өмсчихсөн байгаа харагддаг. Хэзээ ч Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын дарга хууз сахал тавьдаггүй юм шүү. "Зура-3" кинон дээр шинэ Тагнуулын даргын дүрд тоглосон жүжигчин Баттөр бавайсан хууз сахалтай байдаг. Монголын Ардын армийн офицерууд хэзээ ч бавайсан, хууз сахалтай байдгийг би үзээгүй. Эцгээ байхгүй болсон үедээ монгол хүн сахал тавьдаг уламжлал бий гэж л би дуулсан.

Шинэ үеийн кинонууд зардлаа хэмнэж, эсвэл маш бага зардлаар хийж, сүржин дэгжин хүний анхаарал татсан маневраар зөвхөн ихээхэн хэмжээний ашиг олох зорилготой нь мэдэгдэж, монгол киноны нэр хүндийг унагаах тал руугаа хэлбийсэн нь харагддаг.

Хамгийн гол нь Монголын түүхэн сэдэвт кинонд цэргийн зөвлөх ажиллуулах нь кино бүтээгчдэд нэн шаардлагатай гэж боддог.

Дээр үеийн кинонууд яагаад тийм гоё вкусный харагддаг нь судалгаа маш сайн цэргийн зөвлөх сайн ажиллуулдагтай холбоотой.

Цэргийн зөвлөхийг зөвхөн хувцас форм, үг хэллэг дээр анхаарах төдийгөөр сэтгэдэг найруулагч, зохиол бичигч нарын цэргийн сэдэвт кино хол явахгүй. Түүхийн судалгаа, тухайн цаг үеийн эд хэрэглэл байсан орчин обьект бол зайлшгүй маш нарийн анхаарч судалж хийх ёстой нэг талын асуудал. Зохиолын агуулгад зөвлөхийн үүрэг маш чухал. Тиймээс хэн дуртай цэргийн гэсэн болгон, том дарга байсан болгон зөвлөх хийж чадахгүй. Цэрэг хүчний байгууллагатай холбоотой кинонд зөвлөх чухал.

Гэхдээ ямар зөвлөх авахыгаа сонгох хэрэгтэй. Хэн дуртай цэргийн нэртэй бүхэн зөвлөхөөр ажиллаж болохгүй ээ. Ямар ч киног дэлгэцэнд гарахын өмнө хянадаг тогтолцоонд шилжих хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагуудаас комисс ажиллуулахад болохгүй юмгүй.

Цэргийн түүхч хошууч /Одоо дэд хурандаа/ Ж.Сүхбаатар хүртэл залуу уран бүтээлчдийн шинэ цэргийн сэдэвт кинонд маш их алдаа гарч байгааг өөрөө цэргийн түүхч хүний хувьд зөндөө хэлээд цаадуул нь хүлээж аваагүй .

Ганц цэргийн дүрэмт хувцас биш олон зүйл дээр алдаатай байдаг. Жишээлбэл, Социализмын үеийн тухай харуулсан хэсгүүд дээр обьект нь маш алдаатай. Байшин нь орчин үеийн вакум цонхтой ч байх шиг. Сэргийлэхийн эргүүлийн УАЗ-469 машин дээр хужаа хуулга наагаад биччихсэн. Бичихдээ "Сэргийлэх 102" гээд тавьчихсан. Социализмын үеийн Сэргийлэхийн жижүүрийн утас чинь 02 байхгүй юу.

Тухайн зохиолоосоо шалтгаалж түүхийн кинонд орчин үеийн аяга, халбагатай бүх хэрэглэл нь шинэ харагддаг. Тэр чинь урагдсан сэтэрсэн, хуучин, энгийн байх ёстой байхгүй юу.

Та бүхэн Америк, Орос, барууны дайны тухай кинонуудыг сайн ажиглаарай. Яг л тухайн цаг үеийн бүх обьект хэрэглэл ширээ, сандал, аяга халбага, хувцас хунар тэр чигээрээ байгаа. Сахар, хар талх, талсттай стакантай спирт нь яг л оригоороо. Дээр нь цэргийн дүрмийн хэллэг, ёсолгоо, жагсаал алхалт гээд бүгд оригоороо...

Саяхан би “Мардай” гэж киног үзлээ. Ёстой элгийн юм хийгээд хаячихсан байна. 1983 онд хэзээ ч сум, нэгдлийн даргыг “Засаг дарга аа” гэж хэлдэггүй байсан шүү дээ. Тэгээд тэр цэргийн дүрэмт хувцас, цэргийн үг хэллэг, машин техник....

Жишээлбэл, 1983 оны “УАЗ-469” машин чинь хаалганы бариул нь, цонх нь тухайн үеийн загвараар байх ёстой байтал орчин үеийн “УАЗ-469” машин ч гардаг.

МАА-н үеийн цагаан захтай өвлийн бекижийг ялтны хувцас болгочихсон. Бас хүүхэд, залуучуудад буруу ойлголт өгч, түүх гуйвуулсан кино. Хэзээ ч Мардайд монгол ялтнуудыг ажиллуулдаггүй байсан.

За яах вэ, уран сайхны хэтрүүлэг, зохиомж гэж бодъё л доо. Гэхдээ түүхийн сэдэвт киног гуйвуулж болохгүй шүү дээ. Хүүхдүүдэд маш буруу ойлголт өгнө. Мэдээж социализмын үеийн кинонд түүхийг өөрчилдөг хэсгүүд байсан нь үнэн. Гэхдээ жижиг хэсгүүд дээр...

Хамгийн гол нь тэр үед хэрцгий аллага хядлага, садар самуун, архидалт, ёс бус үг хэллэгийг гаргадаггүй байсан. Биднийг тэгж хүмүүжүүлдэг байсан юм. Бүр монгол хэлний яг дүрмээр нь ярилцдаг. Хэзээ ч хараалын үг “Шаа, п… наахуу, гөлөг” гэж хэлдэггүй байсан юм шүү.

За тэр "Долоон бурхан харвадаггүй" киног бол бүр үзэлтгүй. Маш бүдүүлгээр түүх гуйвуулсан УИХ-ын гишүүн байсан яруу найрагч Ж.Мөнхбатын бичсэн "балай" юм.

Өнөөдөр хүн бүхэн шинэ зүйлийг шүүмжилдэг болсон цаг. Энэ нийгэм чинь хүнийг эвдээд харалган, сэтгэл муутай болгочихсон байхгүй юу. Би бас ингэж шүүмжилэхээс өөр аргагүйд хүрч бичлээ .Өөрийнхөө мэргэжлийн зүгээс хамгийн гол нь цэрэг-дайны сэдэвт түүхэнд кинонд маш сайн цэргийн зөвлөх ажиллуулж, түүхийн судалгааг сайн хийх хэрэгтэй. Мөн дээр нь өнгөрсөн үеийн Монголын түүхийг дандаа харлуулж гуйвуулж кино хийдэг болсон нь хойч үед ямар сэтгэгдэл ойлголт төрөх вэ?

Кино урлагыг хүн үздэг болохоос мөнгө үздэггүй шүү дээ.

А.ЖАГАА

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(103.57.92.37) 2025 оны 03 сарын 13

Маш зөв ёстой хүн үзэхийн аргагүй БХЯ яагаад дуугардгүй юм генерал цэргээ буудаад алж бгаа,бас хоригдол цэргүүдийг усан дотор яргалж буудан алж бна ийм юм бгаагүй үүнд нь хариуцлага тооц киног нь бүү гарга за жүжиглэлт бол бүр 00

1  |  0
г(202.179.26.115) 2025 оны 03 сарын 13

яг үнэн. жүжигчид нь хүртэл уйтгартай хэдхэн хүн. Жишээлэхэд ээж бол Мэндбаяр л тоглоно, өөр эмэгтэй хүнгүй болцон юмуу

1  |  0
Мөөгий(45.117.32.102) 2025 оны 03 сарын 13

Ядаж л цэргүүд хөлийн ороолтоо хэрхэн ороодог гэдгийг л мэддэггүй хүмүүс болсон байна билээ. Нэг уулын аманд эсвэл жалганд л зураг авчихдаг болсон юм биш үү дээ

1  |  0
Мөнх(66.181.184.79) 2025 оны 03 сарын 13

За монгол киноны тухай ярьж цаг, нэрвээ барах хэрэггүй дээ. Дуу оруулалт бүүр утгагүй. Дандаа хашгирсан, орилсон юм бдаг.

1  |  0
зочин(202.9.46.22) 2025 оны 03 сарын 13

ямар зөв санаа дэвшүүлээ вэ. Би яг тэгж харж бодож явдаг, тухайн үеийн хувцас форм бүүр өнгөрсөн цаашаа, мөрдөсөө буруу харуулаад зүүсэн цагдаагийн хурандаа ч явж байх шиг. хямд кино хийж мөнгө олох гэсэн санаа байлгүй л яахав гэхдээ арай хэтэрч бна, сайн нь олон хүн эзэхгүй юм даа, тэрнээс. Америкийн кинон хийх гэж зөвхөн үг хэллэг дээр нь ажилдаг бүтэн баг ажилдаг гэж сонссон. \n

1  |  0
Зочин(59.153.86.119) 2025 оны 03 сарын 13

Ер нь түүхэн кино сайн хийхгүй бол түүхээ алдаад дуусна шүү \n

1  |  0
Зочин(59.153.86.119) 2025 оны 03 сарын 13

Ер нь түүхэн кино сайн хийхгүй бол түүхээ алдаад дуусна шүү \n

1  |  0
Мөнгөний гэсэн жанр (202.9.47.14) 2025 оны 03 сарын 13

Сүүлийн үеийн кинонууд ч гэж дээ. Үнэндээ үзэх ч үгүй юм даа.

2  |  0
Тийм шүү(202.126.89.64) 2025 оны 03 сарын 13

Сүүлийн үеийн нэг клип дээр аав нь цэргийн оффицер байсныг харуулах гэж байгаа бололтой. Тэр нөхөр армийн өдөр тутмын китель дээр дотоодын цэргийн малгай өмсөж, парад бүс зүүсэн. Хамгийн аймар нь баахан одон медаль дээрээ түүнийхээ лентийг зүүсэн. Аав харснаа энэ хүн чинь галзуу юм уу гэсэн дээ

4  |  0
Top