Хувьсгалт өөрчлөлт гарахад тус дөхөм үзүүлж байна гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 05

Илон Маск өөрийгөө Америкийн нийгэмд хувьсгалт өөрчлөлт гарахад тус дөхөм үзүүлж байгаа хэмээн үзэж байгаа ажээ. Харин АНУ-ын ард түмэн нөхцөл байдлыг ашиглан төрийн хүнд суртлыг ялж, ардчиллыг сэргээхийг оролдоод үзэх хэрэгтэй тэр мэдэгдсэн байна.

“Америкийн ард түмний хувьд энэ бол төрийн хүнд суртал, хүнд сурталтнуудын засаглалыг ялж, ардчиллыг сэргээж, ард түмний засаглалыг тогтоох цорын ганц боломж юм. Бидэнд өөр нэг боломж дахин хэзээ ч гарахгүй. Одоо эсвэл хэзээ ч үгүй. Ардын хувьсгалд та бүхний дэмжлэг туйлын чухал юм” гэж Илон Маск “Х” хуудастаа бичжээ. АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх газар нь засгийн газрын жинхэнэ агентлаг биш бөгөөд зардлын тухай шийдвэр гаргах, хөтөлбөрүүдийг зогсоох, холбооны улсын хууль тогтоомжийг үл ойшоох эрхгүй хэмээн АНУ-ын Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер өөрийг нь буруутгасны хариуд Илон Маск ийм мэдэгдэл хийсэн байна.

 

Сенатын гишүүний хэлсэн үгийг Илон Маск “бачимдсан хариу үйлдэл” гэж нэрлээд, иймэрхүү дайралт нь засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх газар жинхэнэ чухал ажил гүйцэтгэж байгааг нотолж байна гэж мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх газар гэдэг шинэ байгууллагын даргаар Илон Маскийг томилсон юм. Ирэх жил инфляцаас ангижрахын тулд холбооны улсын төсвийн зардлыг бууруулах саналыг Маск дэвшүүлээд байгаа бөгөөд түүний тооцоогоор 2026 оны санхүүгийн жилд төсвийн алдагдлыг 2 их наяд ам.доллароос 1 их наяд ам.доллар болгож бууруулах боломжтой ажээ. Үнэн хэрэгтээ Илон Маскийн санаачилгаар АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийг (USAID) өөрчлөн зохион байгуулахын тулд түр хаагаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top