“Бид яллаа” гэж Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос өмнө Вашингтоны Capital One Arena цогцолборт дэмжигчидтэйгээ хийсэн уулзалтын эхэнд онцолжээ. “Маргааш үд дунд Америкийн уналтын дөрвөн жилийн хөшиг хаагдаж, бид Америкийн цэцэглэлт, сүр хүч, бахдалын цоо шинэ бүлгийг нээнэ” гэж Трамп мэдэгдэв.
Тэрбээр тангараг өргөх өдрөө америкчуудыг баярлуулах олон зарлиг буулгахаа амлав. Мөн Газын зурвас дахь гал зогсоох тухай хэлэлцээр, TikTok сүлжээ эргэн ирж буйг зарлаж, Украины дайныг төгсгөхөө дахин амлалаа.
2025 оны нэгдүгээр сарын 20-нд /Улаанбаатарын цагаар 2025.01.21-нд/ Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Жеймс Дэвид Вэнсийн тангараг өргөх ёслол боллоо. Энэ нь АНУ-ын түүхэнд дэх 60 ёслолын ажиллагаа. Трампын хувьд хоёр дахь удаагийн бүрэн эрхийн хугацаа. Тэрбээр 2017-2021 оны хооронд Цагаан ордныг тэргүүлж байсан билээ. АНУ-ын ерөнхийлөгчийн институц бий болсноос хойших 200 гаруй жилд тангараг өргөх ёслолын ажиллагаа багагүй өөрчлөлтөд орсон байна.
Тангараг өргөх ёслол
АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол сонгуулийн дараагийн жилийн нэгдүгээр сарын 20-нд Вашингтонд болдог уламжлалтай. Ёслолын ажиллагаа хэд хэдэн арга хэмжээнээс бүрдэнэ.
Тангараг өргөх ёслол 1801 оноос хойш Вашингтон хотноо зохион байгуулагдах болжээ. 1790 оноос хойш баригдаж эхэлсэн тус хот 1800 онд Нэгдсэн Улсын нийслэлийн статустай болж, АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон 1801 онд тангараг өргөснөөр энэ уламжлал тогтжээ. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон 1789 оны дөрөвдүгээр сарын 30-нд тухайн үеийн түр нийслэл Нью Йоркийн Federal Hall-д тангараг өргөж байжээ. 1793-1933 оны хооронд эл ёслолын арга хэмжээ дөрөвдүгээр сарын 30-нд болдог байжээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд зохион байгуулагдсан болсон байна.
Тангараг
АНУ-ын ерөнхийлөгчийн тангаргийн үгийг тус улсын Үндсэн хуульд заасан байдаг бөгөөд 35 үгнээс бүрддэг байна. Харин ерөнхийлөгч бүрийн хэлдэг “Бурхан надад туслаг” гэдэг нь Үндсэн хуульд ороогүй аж. Үүнийг анх Жорж Вашингтон хэлж байжээ. Тэрээр мөн тангараг өргөхдөө Библи дээр гараа тавьдаг уламжлалыг тогтоожээ. Зөвхөн Жон Куинси Адамс, Теодор Рузвельт нар Үндсэн хууль дээр гараа тавин тангараг өргөж байсан түүхтэй. Ерөнхийлөгч бүр гэр бүлийнхээ Библи эсвэл өмнөх ерөнхийлөгч нарын Библийг ашигладаг байна. Жишээ нь Барак Обама 2013 онд боолчлолыг халсан Авраам Линкольн болон хар арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн Библи дээр гараа тавьж, тангаргаа өргөж байлаа.
Хэрэв нэгдүгээр сарын 20-ны өдөр ням гарагт таарвал ерөнхийлөгч нар тангаргаа хоёр удаа өргөдөг байна. Нэгдэхийг нь бүрэн эрхийн хугацаа эхлэх өдөр, хоёрдохыг нь дараагийн өдөр нь болдог олон нийтийн ёслолын ажиллагааны үеэр. АНУ-ын түүхэнд хоёр ерөнхийлөгч дөрвөн удаа тангараг өргөж байжээ.
Эхнийх нь сонгуульд дөрвөн удаа ялалт байгуулсан ерөнхийлөгч Франклин Рузвельт. 1951 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлтээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хоёр болгон хязгаарлажээ.
Хоёр дахь ерөнхийлөгч нь Барак Обама. Эхний ёслолын үеэр буюу 2009 онд тангаргийн үгийг уншсан дээд шүүхийн шүүгч Жон Робертс үгийн дарааллыг алдсан тул Цагаан ордонд болсон хаалттай ёслолын үеэр Барак Обама дахин тангараг өргөж байжээ. 2013 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр ням гарагт таарсан учир Барак Обама эхлээн Цагаан ордонд, дараагийн өдөр болсон ёслолын ажиллагааны үеэр дахин тангараг өргөж байжээ.
1963 онд Жон Кеннеди алагдсаны дараа Линдон Жонсон Далласын нисэх онгоцны буудалд ерөнхийлөгчийн онгоцонд тангараг өргөж байжээ.
Ерөнхийлөгчийн үг
Тангараг өргөх ёслолын гол хэсэг нь шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн хэлэх үг байдаг. Үүнийг шинэ засаг захиргааны улс төрийн тунхаг гэж үздэг. Эл уламжлалыг Жорж Вашингтон 1789 онд тавьжээ. Тэрээр тангараг өргөснийхөө дараа Конгрессын гишүүд болон албаны хүмүүсийн өмнө үг хэлж байжээ. Түүний хэлсэн үг 135 үнээс бүрдэж байсан бөгөөд түүхэнд дэх хамгийн богинод тооцогддог. Хамгийн урт үг буюу 8445 үгнээс бүрдсэн илтгэлийг Уильям Хэнри Харрисон 1841 онд хэлж байжээ. Хоёр цагийн турш үг хэлэхдээ тэрбээр ханиад хүрч, нэг сарын дараа уушгины хатгалгааны улмаас нас барсан байна.
Үүний дараа хүндэтгэлийн зоог, үдэшлэг зохион байгуулдаг.
Жагсаал
1968 онд Ричард Никсоны тангараг өргөх ёслолын үеэр Вьетнамаас цэргээ гаргахын төлөөх “Mobe” хөдөлгөөний идэвхтнүүд ерөнхийлөгчийн цуваа руу лонх, хоол зэргийг шидэж, эсэргүүцлээ илэрхийлж байжээ. Никсоны хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолын үеэр 1973 онд эсэргүүцлийн арга хэмжээнд 100 мянга орчим хүн оролцож байв.
2000 онд Бүгд найрамдах намын нэр дэвшигч Жорж Буш Ардчилсан намын нэр дэвшигч Алберт Горыг сонгогчдын саналаар дутуу ч саналын эрхтэй сонгогчдын саналын давуугаар ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад олон мянган хүн гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлэн, ерөнхийлөгчийн цуваа руу өндөг шидэж байв. 2005 онд Бушийн хоёр дахь тангараг өргөх ёслолын үеэр жагсагчид Иракт явуулсан ажиллагааг эсэргүүцэж байлаа.
2017 онд Доналд Трампыг тангараг аргах үеэр тус улсын хэд хэдэн хотод “Трамп бидний ерөнхийлөгч биш” гэсэн лозунг бүхий жагсаал өрнөж байлаа. Вашингтон хотноо эсэргүүцлийн цуглаан эмх замбараагүй байдал болж, хууль хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэж байжээ.
2021 онд Жо Байден Цагаан ордны тэргүүнээр сонгогдоход улс даяар аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байв. Гэсэн хэдий ч хэд хэдэн хотод эсэргүүцлийн цуглаан болж, жагсагчид, хууль хүчнийхний хооронд мөргөлдөөн болж байсан. Доналд Трамп Байдены тангараг өргөх ёслолд бойкот үзүүлж байсан нь 1869 оноос хойших анхны тохиолдолд юм.
2025 оны ёслол
Уламжлал ёсоор ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд гаднын зочдыг урьдаггүй. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч албан тушаалдаа орох нь улс төрийн дотоод үйл явдал гэж үздэг бөгөөд зөвхөн эрх бүхий дипломат төлөөлөгчид оролцдог.
Харин Доналд Трампын хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслол энэ уламжлалыг эвдэж байна. Тэрбээр арга хэмжээнд хэд хэдэн улсын тэргүүн болон улстөрчдийг урьсан билээ. Хэвлэлүүдээр бичсэнээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин /түүний оронд БНХАУ-ын дэд дарга Хань Жөнь оролцоно/, Аргентины Ерөнхийдөгч Хавьер Милей, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Эквадорын Ерөнхийлөгч Даниэл Нобоа, Парагвайн Ерөнхийлөгч Сантьяго Пенья нар урилга хүлээн авсан.
Түүнчлэн, тангараг өргөх ёслолд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс оролцжээ. Тухайлбал, Илон Маск, Марк Цукерберг, Жефф Безос нар хуучин ерөнхийлөгч болон Трампын гэр бүлийн гишүүдтэй зэрэгцэн хүндэтгэлийн суудалд залрав.
Тангараг өргөх ёслол 1985 оноос хойш анх удаа Капитолийн ордны гадаа бус Капитолийн ганжир бүхий оройтой дугуй өрөөнд боллоо.
Сэтгэгдэл ( 0 )