Тайванийн засаг захиргааны тэргүүн үүрэгт ажилдаа орлоо

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 20

Тайванийн засаг захиргааны тэргүүнээр сонгогдсон Лай Чин-тэ тангараг өргөж, үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо.

Тэрбээр хэлсэн үгэндээ эх газрын Хятадад хандан Тайванийн улс төр, цэргийн заналхийллээ зогсоох, дэлхий дахиныг шинэ дайны айдсаас ангижруулахыг уриалжээ. Түүний хэлснээр, Тайванийн ирээдүй Тайванийн ард иргэд төдийгүй дэлхий дахинд чухал ач холбогдолтой. Хятад улс нь бодит байдалтай нүүр тулж, Тайванийн ард иргэдийн сонголтыг хүндэтгэн, мөргөлдөөнөөс яриа хэлэлцээг сонгож, тэгш эрх, харилцан хүндэтгэх зарчмыг баримтлан Тайванийн ард иргэдийн сонгосон засгийн газартай хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. 

Тэрбээр “Эх газрын Хятад Тайванийн эсрэг хүч хэрэглэхээс татгалзахаас нааш бид Хятадын байр суурийг хүлээн зөвшөөрч, тусгаар байдлаасаа татгалзсан ч гэсэн Тайванийг нэгтгэх гэсэн Хятадын санаархал алга болохгүй гэдгийг ойлгох учиртай” гэжээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “ардчилал” гэдэг үгийг 31 удаа ашигласан гэж “The Guardian” хэвлэл онцолсон байна.

Тангараг өргөх ёслолыг арга хэмжээнд Тайваньтай дипломат харилцаа тогтоосон 12 улсаас 11 нь, Их Британи, АНУ, Япон, Австрали төлөөлөгчдөө илгээжээ. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео багтсан байна.АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Лай Чин-тэд баяр хүргэж, Вашингтон, Тайпейн харилцаа өргөжин, талууд Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг тогтооход хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Тайванийн засаг захиргааны тэргүүн тангараг өргөх ёслолтой зэрэгцэн БНХАУ-ын Худалдааны яам Тайваньд зэвсэг нийлүүлсэн АНУ-ын гурван зэвсгийг үйлдвэрийг хар жагсаалтад оруулснаа зарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top