АНУ-ын зүгээс Тайваньд шинээр зэвсэг нийлүүлэх нь Тайванийн хоолойн түгшүүртэй байдлыг улам хурцатгаж, сөргөлдөөнийг даамжруулна гэж АНУ-д суугаа Хятадын элчин сайдын яамны хэвлэлийн албаны дарга Лю Пэнъюй мэдэгдсэн байна.
АНУ-ын Цэргийн яамны сайдын Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахын албан тушаалд Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын нэр дэвшүүлсэн Жон Но тус улсын Конгрессын Сенатын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны сонсгол дээр, АНУ-ын зүгээс Тайваньд зэвсэг нийлүүлэх үйл явцыг хурдасгах бодолтой байгаагаа илэрхийлжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын дипломатч дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Түүний хэлснээр, Тайваньд зэвсэг нийлүүлэх нь Бээжин, Вашингтоны хооронд өмнө нь хүрсэн тохиролцоог зөрчиж, Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдэд буруу дохио өгөх ажээ. Тайванийн асуудал нь Хятадын гол ашиг сонирхлуудын үндэс бөгөөд Америк, Хятадын харилцаанд давж болохгүй эхний улаан шугам юм гэж тэр тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )