Тайванийн нисэх хүчний сургуулилтын үеэр T-34C онгоц осолдож, хоёр нисгэгч амь эрсэдсэний дараа тус онгоцоор сургуулилтын нислэг үйлдэхийг тодорхойгүй хугацаанд зогсоосон тухай арлын нисэх хүчний командлалын тэргүүн Жян Ичэн мэдэгджээ.
Энэ хугацаанд нисгэгчид тренажер дээр сургуулилт хийхээр болсон байна. “Taipei Times” сонины мэдээллээр, амь үрэгдсэн хоёр нисгэгч хоёулаа туршлагатай нисгэгчид байсан бөгөөд сургуулилтын үеэр хөдөлгүүр зогссон үед хариу арга хэмжээ авах хүнд даалгаврыг сургуулилж байжээ.
Жян Ичэний мэдээлснээр, тус онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сард аюулгүй байдлын үзлэгт хамрагдсан бөгөөд ноцтой гэмтэл илрээгүй байна. Нисгэгчид ямар нэгэн асуудал эсвэл гэмтлийн талаар мэдэгдээгүй бөгөөд тухайн үеийн цаг агаарын байдал нислэг үйлдэхэд тохиромжтой байжээ. Арлын нисэх хүчин шуурхай ажлын хэсэг байгуулж, ослын шалтгааныг шалгаж байна.
1985 онд Тайвань АНУ-ын “Beechcraft” компаниас хоёр суудал бүхий 50 ширхэг Т-34С онгоц худалдан авч, цэргийн нисгэгчдийг бэлтгэхэд ашигласаар иржээ. Эдгээрийн 30-ийг өнөөг хүртэл ашиглаж байгаа бөгөөд 2030 он гэхэд илүү орчин үеийн загвараар солих төлөвлөгөөтэй байжээ.

Сэтгэгдэл ( 0 )