“Жангар-цайны зам” соёлын өвийн наадмын эргэн тойронд

2023 оны 11 сарын 05

1. Соёлын өвийн IV наадмын сонин хачнаас

Намрын дунд сарын энэхэн өдрүүдэд байгалийн сүр хүчийг мэдрүүлж 20-иод см нойтон цас лавсан орж моддын мөчир нэвсийтэл цасанд дарагдаад л, байгалийн гайхамшгийг ойлгуулж хөгжлийн салхийг мэдрүүлсэн холын цэнхэр Ховдын хязгаарт соёлын өвийн IV наадам амжилттай зохиогдлоо. Тус аймгийн Булган суманд 2015, 2017, 2019 онуудад зохион байгуулагдсан Уг наадмын эрхийг аймагтаа албан ёсоор гардуулж ийнхүү IV дэх наадам өндөр үүдээ дэлгэж өргөн дэлгэр боллоо. Дэлхийн туулийн хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмэр болоод “Жангар туульд уриа дуудлага, сахиусаар хүчнийг илтгэх үзэл ухамсар” болоод “Хүлэг морьдын өнгө зүсмийн билгэдэл ба ид шид”, “Шинжаан ба Халимагийн баатарлаг уламжлалд Бумбын орон болон түүний баатруудыг алдаршуулсан нь” зэрэг сонирхол татахуйц илтгэлүүдтэй Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Ховд дахь МУИС-ийн салбар сургуультай хамтран хоёр өдөр зохион байгууллаа.

Ховд аймгийн тусгай хамгаалалттай газар нутгуудыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ “Ховд-Бийск” алдарт тэмээн жингийн зам, бас Улиастайн өртөөний замыг сэргээж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох арга замыг авч хэлэлцлээ. Нийт 60-аад тэмээтэй жинчдийн бодит аялал, сум болгоны өв тээгч 10 ахмад, 10 хүүхэд оролцсон уртын дууны хамтлаг тоглолт, икэл хуураа татаж хөөмий исгэрүүлэн, бий биелэгчид үелзтэл бүжиглэн, өндөр настнууд уламжлалт шагай наадгай, хорол, зэндмэнэ зэргийг залуус үр хүүхэддээ зааж сурган жаргаж өнгөрөөсөн нэгэн өдөр байлаа. Шагналын сан өндөртэй уг арга хэмжээнд нийт сумууд идэвхитэй оролцсон нь олныг баярлуулав.

2. Ховд аймгийн ахмад багш нарын ээлжит чуулганы тухайд...

Одоогоос яг нэг жилийн өмнө ажил үүргээ хүлээн авсан аймгийн анхны эмэгтэй Засаг дарга эрхэмсэг хатагтай Э.Болормаа нь олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлага, бас ч Ерөнхий сайдын ажлын албаны ахлах зөвлөхийн хувьд улс орны цараатай ажил үйлсийг эмхлэн цэгцэлж, эрч хүчээ зориулж явсан Хүний хувьд төрөлх аймгийнхаа бодлогыг тодорхойлолцож хүчээ өгөх нь санаанд илхэн байлаа. Тэрээр ажлаа авмагцаа гуравхан сарын дотор бэлтгэлээ хангаад хоёр оны зааг дээр “Хөрөнгө оруулалтын чуулган-Invest Khovd”-ийг нутагтаа амжилттай зохион байгуулсан билээ. “Invest Khovd-2023” хөрөнгө оруулалтын чуулган дээр Э.Болормаа дарга хэлэхдээ “1000 км радиуст зургаан сая монгол хүн байдгийг бодолцвол баруун таван аймаг ногоон хөгжлийн шинэ алхамд хүрэхийн тулд төрийн хүртээмжээ сайжруулж, гадаад харилцаандаа эргэлт авчирья, эдийн засгийн зургаан тэргүүлэх чиглэлийг түшиглэж хоёр хөрштэй хиллэдэг давуу талаа ашиглан боомтуудаар экспорт хийх боломжтой, сэргээгдэх эрчим хүчийг ч хөрш рүүгээ нийлүүлэх чадавхтай болно... гэдгийг онцлон тэмдэглэсэн чуулган болсон билээ. Хандлагаа өөрчлөөд, хөгжлийн чиглэлээ оновчтой тогтоож, шийдлээ зоригтойгоор хэрэгжүүлвэл бүс нутгийн ирээдүй тодхон мэт ээ. Багш нарын чуулганд аймгийн засаг дарга үг хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд 20 мянган хүнтэй уулзсан түүний хувьд 1000 хүнтэй ганцаарчилж уулзсан” гээд газар олголтын талаар “Тоон гарын үсэг бол төрийн хүнд суртлыг бууруулж авилгыг хянах гол хөшүүрэг мөн”-ийг онцлоод ганцхан нотариатч ажилладаг аймгийн хувьд шийдэх асуудал их байгааг онцоллоо.

Хүний хэрэгцээний анхдагч шаардлага болсон аюулгүй орчинг бүрдүүлэхийн тулд нийтийн эзэмшлийн гудамж талбайгаа 100 хувь камержуулсан анхны аймаг болжээ. Шударга ёсыг тогтоож ойн бүсийг зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаад хяналт тавьж мод үржүүлгийн 30 газрын 32 талбайг чөлөөлсөн. Цаашид цэцэрлэгт хүрээлэн болгож 100, 100 жилд дурсагдхаар төлөвлөлтийг хийнэ. “Хөшөөт хөгжлийн Сан”-г татан буулгаж, олон нийтийн болгосноор тогтолцооны өөрчлөлтийг хийж чадсан ба орон нутгийн хөгжлийн санг “шилэн” болгоно. 2024 онд улсаас татаас авдаггүй аймаг болохоор нөөц боломжоо дайчилж байна. Энэ нь ААН-үүдийн ялалт, цаг хугацааны хэмжүүр байлаа. Боловсролын салбарын хувьд чадварлаг багш, сурагч, оюутан зэрэг дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд улсын дундажтай харьцуулахад 25 сургуульд 19,7, 40-өөд СӨБ болон цэцэрлэгт 25.6 хувь дүүргэлттэй байгаа нь бага байна.

Боловсролын байгууллагын гүйцэтгэлийг зургаан шалгуур үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд дээрх 25 сургуулиас нэг нь сайн, 21 нь дундажаас доогуур, СӨБ болон цэцэрлэгүүдээс 20 нь дундажаас доогуур үнэлгээтэй гарсанд сурган хүмүүжүүлэгчид анхаарах хэрэгтэйг онцлов. Салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулахыг голчилж, эхлэл нь боловсролын газрын даргаар Сайнбаяр багшийг томилсон явдал байв. Нийгмийн тэгш бус байдлын ялгааг арилгах эхлэл болгож Ховд-ЭЕШ хөтөлбөрийг-30-60 сая төгрөгөөр санхүүжүүлсэн, үүний үр дүнд 6 хүүхэд 800 оноо авсан. Ховд аймгийн хэмжээнд түүх, монгол хэлээр улсын дундажаас дээгүүр, бусад хичээл дээр унасан байдалтай байгаад дүгнэлт хийх цаг болжээ.

Аймгийн засаг даргын нэрэмжит шагналыг 400 оюутанд 200 мянган төгрөгийг өгч эхэлсэн, өөрөөр хэлвэл 16 сум, 12 багаас тус бүр нэг хүүхэд гэсэн зарчимтайгаар, голч дүн нь 550-иас дээш байвал олгоно гэж тогтжээ. Иймээс эдийн засгийн өсөлтийг бүтээмж, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн чадвараар хэмждэгийг бодолцвол “Ахмад багш нарын зөвлөх баг”-ийг бий болгоё. Өөрөөр хэлвэл 3,4 сая хүн амтай орны хувьд 2-3 хүний бүтээмжтэй хөдөлмөрлөж байж хөрш орнуудтайгаа эн зэрэгцэж ирнэ. Хүн амын 40 хувь нь 18 нас хүрээгүй, 1,2 сая ажиллах хүчний 4,1 төрийн албанд, 500 мянга нь ахмадууд гэвэл энэ асуудлын агуулгыг ойлгох биз ээ. Нийгмийн манлайлагчид болсон багш нартаа хандаж мэргэжлийн хүмүүс та нартаа найдна, хамтдаа хүлээн зөвшөөрье, нэгдье, зорилгоо тодорхойлъё, замаа ольё. Та бүхний гар дээр монгол орны, тэр дундаа Ховдын маргаашийн нар мандана гэдгийг итгэлтэйгээр уриаллаа. Ахмад багш нарын төлөөлөл хариу үг хэлэхдээ бидний шавийн шавь нарын зарим нь хэт цадиггүй, бүдүүлэг, ёс зүйгүй байгаад дүгнэлт хийж заримыг нь нэр зааж авч хэлэлцэхээ амлав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
,(66.181.185.98) 2023 оны 11 сарын 05

ямар аймаар долоолт вэ

0  |  0
Top