Таван жилийн дотор ₮17 их наядаар тэлж буй Монголын төсөв ГАНДАН БУУРАХГҮЙ

2023 оны 10 сарын 03

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн орлогыг ₮25.1 их наяд, зарлагыг ₮27.2 их наяд, алдагдлыг ₮2.1 их наяд байхаар төсвийн төсөлд тусгажээ.

Уг нь  Засгийн газар,  УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасанчлан,  төсвийн бодлогын баримт бичгээ мөрдлөгө болгож,  2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд энэ оны тавдугаар сард тусгасан үзүүлэлтүүдийн хүрээнд төсвөө батлах бол орлого нь 21.1 их наяд төгрөг, зарлагын дээд хэмжээ нь 22 их наяд 996 тэрбум 100 сая төгрөг байх ёстой. 

Гэсэн ч энэ оны долоодугаар сараас эхлэн нэмэгдсэн төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл зэрэг нь төсвийн суурь зардлын бүтцийг тэлсний сацуу сонгуулийн жилийн нэмэлт зардлууд нийлэн 27 их наядын зардалтай төсөв батлагдах нь. 

Монгол Улсын төсөв 1960-аад онд  анх удаагаа тэрбумаар тоологдсон бол 2006 оноос их наядаар тоологдож эхэлсэн юм.

Харин  2019 оноос анх удаа ₮10 их наядыг давсан бол 2020 онд түүхэнд анх удаа ₮14 их наяд төгрөг шүргэсэн зарлагыг хуульчилж байв. 2022 оны төсвийг  ₮16 их наядыг олж, ₮18 их наядыг зарцуулахаар анх баталсан.

2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг 2022 онд оруулж ирэхдээ орлогыг 17 их наяд 312 тэрбум 200 сая төгрөг, зарлагыг 19 их наяд 219 тэрбум 100 сая төгрөг байхаар тооцож байв. Харин батлахдаа, ₮19 их наядын орлого олж, ₮20.4 их наядын зарлага гаргахаар баталсан. 

Улмаар төсвийн  тодотголоор орлогыг  20 их наяд 782 тэрбум төгрөг болгож  1.7 их наядаар өсгөсөн. Нийт зарлагыг 22 их наяд 371 тэрбум төгрөг болгож 1.9 их наяд орчмоор нэмэгдүүлсэн юм. 

Ерөнхийдөө төсвийг ийм маягаар жил жилээр тэлсээр байна. 

2019 оноос анх удаа 10 их наяд давсан төсөв таван жилийн хугацаанд буюу 2024 гэхэд ₮17 их наядаар тэлэх нь.

Төсвийн  орлогын эх үүсвэр хумигдмал хэвээрээ нөхцөлд  төсвийн зардлын  тэлэлтийг дагасан үр ашгийг эхэнд авч үзэх ёстой талаар уг нь байнга л яригдаж буй.

Төсөв гэдэг бол энэ улс орон боломж нөөцөө хэрхэн ашиглаж,  хэдий хэмжээний орлого олж, хэрхэн яаж зарцуулах вэ. Гаргаж буй зардлууд эргээд хэдий хэмжээний орлого дагуулах боломжийг бүрдүүлэх вэ гэдэгт чиглэх ёстой.

Гэвч манай тухайд нүүрс, зэсийн экспортдоо гол найдвараа тээгээд, төсвийн урсгал зардлуудынхаа араас давж сэтгэхгүй байна. Тавхан жилийн дотор ийм өндөр дүнгээр төсөв тэлсэн ч,  өгөөж нь хаана илүү тусаад байна вэ. Ажилгүйдэл, ядуурлын суурь шалтгаан руу чиглэсэн зарцуулалт гэж байна уу гэдгийг ярих ёстой. 

Энэ оны наймдугаар сарын байдлаар зэсийн экспортын гүйцэтгэл 70.3 хувь, нүүрсний экспорт 85.3 хувь гээд биет хэмжээ нь өсөлттэй байгаа ч гол түүхий эдүүдийн дундаж үнэ 2022 онтой харьцуулахад уруудчихсан.  БНХАУ-ын эдийн засаг, тэрдундаа манай түүхий эдийг шингээдэг дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тогтворгүй байдал ноёлж буй нь ирэх онд эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтөд дарамт болж болзошгүй байхад Монголын төсөв ээлжит тэсрэлтээ хийн, гандан буурахгүй нь.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(59.153.112.219) 2023 оны 10 сарын 03

ANYSIN SEXSYG XUSNEER80955877

0  |  0
Зочин(45.117.35.18) 2023 оны 10 сарын 03

Дарханы засаг дарга хамаг газраа өөрөө хуу хамаад авчихсан гэдэг шиг юм болохно уу даа

0  |  0
Монгол(103.57.93.80) 2023 оны 10 сарын 03

Алдагдалгүй төсөв байж болохгүй юу

0  |  0
Зочин(139.5.216.71) 2023 оны 10 сарын 03

Бас л алдагдалтай төсөв

0  |  0
Top