Тарималын бууцны төрмөл дууч

2023 оны 06 сарын 14

Монгол тооллын төмөр бар жилийн хаврын дунд сарын арван тавны их тэргэл өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн нутаг Хадан хошууны Таримлын бууцанд эцэг Намсрай, ээж Намжаа нартаа дөрөв дэх үр нь болж мэндлээд нялх нярай үедээ үрийн заяа дутмаг гэх эгч дүү бүсгүйчүүд Содном, Ишханд нарт үрчлэгдсэн бяцхан хүү бол дуучин Ёндонжамц байсан агаад өргөж авсан ээж нар нь өвгөн ааваараа овоглосоны адил Жамбал гэдэг овогтой болжихуй.

Ёндонжамц хүү төрсөн тэлсэн аав ээж, ахан дүүсийнхээ дэргэд малын захад торнин өссөөр сургуульд ороод сумын сургуулийн захирал, багш Сандагдоржоор "а" үсэг, тоо бодлого, эрдэм номын элдвийг заалгаж бага сургуулиа дүүргээд хөдөө гарч мал маллан арван зургаатайдаа нэгдэлд элсэж ах Дамдинсүрэнтэйгээ хамжин нэгдлийн хоёр зуун тавин атан тэмээ авч хариулахдаа ган зуд гээд байгалын хатуу ширүүн аашинд өртөх, зуны халуунд гар худгаас ховоогоор ус татаж олон тэмээ услах /нэг тэмээ дунджаар 80 литр ус ууна/, хаврын хавсарга, халуун наранд тэмээгээ ноослох, унаа морь сульдаж тэмээгээ цуглуулж амжилгүй хээр хөдөө хоноглох зэргээр малчин хүнд тохиолдох бэрхшээл бүхнийг давсаар насан багаасаа тэмээчин болж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ажгуу.

Ийнхүү малын захаас холдолгүй байсаар жараад оны эцсээр цэргийн албанд мордож Дархан хот дахь барилгын цэргийн 017-р ангид алба хаахдаа а/д Бямбаа, клубын дарга д/ч Бадраа, Хунлиуз /УГЗ/ нарын удирдлаганд цэргийн хүүгийн ёсоор ангийн урлаг соёлын ажилд байнга идэвхтэй оролцон суралцсаар Хөвсгөл сумын уугуул Н.Галсаншадавтай цуг цэргийн алба хааж дуусгасан нь тохиолдол байсан бөгөөд өнөө цагт эргэн харваас хоёулаа "гавьяат" цолтон болсон байнам.

Цэргийн албаа хаасан цэл залуухан Ёндонжамц нутаг усандаа ирж сум нэгдлийнхээ гуравдугаар бригадад худалдааны агентын алба хашиж ноос үс, арьс шир, түүхий эд цуглуулах зэрэг сумын худалдаа бэлтгэлийн ангиас даалгасан төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд нь алдаа мадаггүй "гялалзуулж" байтал аймгийн дарга н.Алгиа сумын концертонд дуулахыг нь үзээд сум-нэгдлийн дарга Д.Даваасамбууд "Энэ залууг өнөөдөр ажлыг нь хүлээлцүүлээд аймгийн Соёлын ордонд явуул" гэж хэлсэн ч сайхь дарга явуулаагүй байсанд захирамж гарган хүргүүлэвч мөн л хэрэгжүүлээгүй тул аймгийн цэргийн хэлтсийн даргыг тус суманд илгээж "дайчлах хуудас" гардуулан байж шууд ажлыг нь орхиулж маргааш 08 цагт Соёлын ордон дээр бэлэн байх үүрэгтэйгээр аймгийн төвд ирүүлжихүй. Хүлээсэн үүрэг ёсоор тогтсон газар товлосон цагт очиход Соёлын ордны дарга Ц.Чойрог хүлээж аваад "Өнөөдөр 14 цагт баруун хойт аймгуудын чиглэлд жар хоногийн хугацаатай урлагийн бригад гарна, урин цаг ирж байна хөвөнтэй дээл авч өмс" гээд хашир туршлагатай дарга 250 төгрөгийн тэтгэмж өгсөн байнам. Даргын зөвлөснөөр ахуй үйлчилгээний газар очиж дээл үзэхэд таарах юм байгаагүй болохоор аргагүйн эрхэнд "оргүйгээс охинтой" гэгчээр ханцуй хормой нь богинодож оготордсон хөвөнтэй ногоон өнгийн дээл авч өмсөөд бригадаар гарч Дундговь аймгийн Өндөршил суманд ирээд дууны багш Ш.Сандагжавтай "Цэцэг нуур", "Уран гоо", "Саальчин бүсгүй" дуунуудыг сургуулилаад маргааш нь Дундговь аймгийн Соёлын ордонд анхны тоглолтод орж гурван удаа дахиулан дуулж дуучны гараагаа эхэлвэй.

Үүнээс хойших гурван жилд оройгоор аравдугаар анги төгсгөн хөгжим бүжгийн дунд сургуулийн дэргэдэх найрал дуучид бэлтгэх сургуульд шалгуулж тэнцэн гурван жил суралцаж дөрөвдэх жилд нь УБДСургуульд шилжээд дээд мэргэжлийн найрал дуучин болж төгсөн дуурийн театр, цэргийн чуулгын багш мэргэжилтнүүдээр булаацалдуулан байж Соёлын яамны шийдвэрээр Улсын дуурь бүжгийн театрт хуваарилагдан найрал дуучнаар ажиллаж эхэлсэн тэр жил буюу 1979 оны зун төрөлх аймгийнхаа соёл урлагийн арав хоногийн тоглолтод гоцлол дуучнаар оролцожихуй.

Улсын маань сонгодог урлагийн уурхай болсон Дуурь бүжгийн эрдмийн театрт томилогдон ажилласан Ж.Ёндонжамц маань Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой", "Шарай голын гурван хаан", Д.Лувсаншаравын "Шивээ хиагт", "Хан бүргэд", С.Гончигсумлаагийн "Үнэн", Д.Ж.Россинний "Севилийн үсчин", П.И.Чайковскийн "Евгений Онегин" зэрэг дууриудын найрал дуунууд, зарим туслах дүрүүдэд дуулсанаас гадна "Үнэн" дуурийг шинэчилсэн найруулгаар тоглоход Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, дэлхийн алдартай арван аргил хоолойтны нэг Ц.Пүрэвдоржийн дублёр болж уг жүжгийн Ноёны дүрд дуулаад Соёлын яам, театрын мэргэжилтнүүдээс "хангалттай сайн" үнэлгээ авсан байнам.

Ийнхүү боломжийн бүтээлтэй ажиллаж байсан тэрээр нутгаа гэсэн сэтгэлийн дуудлага, хүсэл зорилгодоо хөтлөгдөн үүсэн байгуулагдаад ганцхан жил болж буй аймгийнхаа театрт ирж гоцлол дуучнаар ажиллахдаа монгол ардын, төв орон нутгийн хөгжмийн уран бүтээлчдийн болон гадаадын хөгжмийн алдартнуудын гээд нийтдээ 130 гаруй бүтээлийг гоцлон дуулж 70-аад цөөхүүл, найрал дуу, 30 гаруй дан найрал дуу, мөн тэр орчим харилцаа дуунд оролцон дуулсанаас гадна гоцлол дуучин Л.Нарантуяа /УГЖ/-тай хамтран сонгодог урлаг сурталчлах хөтөлбөр санаачлан тоглосон ба найрал дууны багш Л.Буянхишигтийн санаачилж боловсруулсан "Хошин аяс" цөөхүүл жүжигчдийн хоёр хөтөлбөрт оролцон дуулж улмаар "Учиртай гурван толгой" дуурийн Худалдаачин, Төрийн шагналт, УГЗ Г.Бирваа, МУСГЗ А.Шартолгой нарын "Их говийн зоригтон" хөгжимт жүжгийн Дамбадаржаа, Д.Лувсаншаравын "Шивээ хиагт" дуурийн нэгдүгээр үзэгдлийн Рааш, УГЗ Б.Мөнгөн-Өлзий, Хүний Гавьяат эмч, зохиолч Х.Цэрэндорж нарын "Бөмбөлдэй баатар" дуурийн Төмөрдий, "Есөн шаргын тоос" дуурийн Есүхэй баатар зэрэг дүрүүдэд амжилттай дуулсан бөлгөө. Түүнчлэн А.Петрашкевичийн "Түгшүүр" жүжгийн Захиргааны дарга, Ш.Гүрбазарын "Ирэх сарын арван долоон"-ы Өвгөн, Э.Оюуны "Хэзээ ч мартахгүй"-н Хас-Очир, А.Арбузовын "Эрхүүд болсон явдал"-ын Согтуу эр, Д.Равжаагийн "Саран хөхөө"-гийн Ноён, А.П.Чеховын "Золгүй явдлууд"-ын шүүгч, Ч.Чимэдийн "Арын албаныхан"-ны жанжин Сүхбаатар, "Д.Төрбатын "Хялар хатан"-ы Хошуу ноён, Б.Догмид, Д.Нацагдорж нарын "Алаг заяа"-гийн Лам гээд олон арван яриан жүжиг, хошин үзэгдлүүдийн голлох ба туслах дүрүүдийг бүтээсэн ба гавъяаны амралтаа эдэлж буй үедээ дэлхийн сонгомол бүтээл В.Шекспирийн "Лир ван" жүжгийн Глостер вангийн дүрийг бүтээжихүй.

Дуучин, жүжигчин Ж.Ёндонжамц мэргэжил, мэргэшил, авьяас, ур чадвар хосолсон хүчирхэг аргил баргил хоолойгоороо төв орон нутгийн урлагийн байгууллагын алтан тайзыг чимэн доргиож үзэгч сонсогчдынхоо мэлмий сонорыг мялаан урлаг соёлоо түгээн аялан тоглох зуурт "Учиртай гурван толгой"-н Юндэнгийн дүрээр алдаршсан МУГЖ Ц.Давганамдалын группт хамрагдан урлагийн бригадаар явахдаа автобус нь шаварт суучхаад байхад "Энэ одоо ингээд шавраас гарах ч юм уу даа, үгүй ч юм уу" гээд сунжруулан залхуутайхан ярьж суух "Ардын элч" киноны Дүлзэнгийн дүрээр олны танил болсон гоцлол дуучин Б.Готовыг ажиглаж, сумын зочид буудлын бүжгийн багш Л.Ухнаа /УГЗ/, дууны багш Л.Буянхишигт нарын байрласан өрөөнд шинэ байшинд орохдоо хэрэглээрэй гэж найзынхаа өгсөн арван литр нэрмэл архийг найдвартай гэж орхисныг бригадынхантайгаа хувааж хүртсэн гэх мэт хоржоонтой явдлыг үзэж, мөнөөхөн дэлхийн соёлын өвд бүтээлээрээ бүртгэгдэж мөнхөрсөн алдарт морин хуурч, хөгжмийн зохиолч Ч.Банзрагчийн цөөхүүл хамтлагт оролцож аялсаар улсынхаа ихэнх аймаг сумдад үйлчлэн туулсан зам, үзсэн газар, уулзсан хүн арвин болсон гэнэм.

Ж.Ёндонжамц дуулаач, жүжигчин төдийгүй үг холбон шүлэг зохиож аялгуу зохируулдаг авьяастан учир өөрийнхөө бүтээл "Зүрхэнд уяатай Баян-Овоо", "Төрсөн нутгийн дуу", "Алтанширээ жаргалын өлгий" дуунуудаараа нутаг усаа бахархан дуулж улмаар Ц.Дагшилын "Амьдын хорвоод би хайртай", Т.Сансандоржийн "Ганган хул", Д.Санжмятавын "Буян заяаны эрдэнэ", Х.Сүглэгмаагийн "Далдхан хайр", Г.Бүдмэдийн "Миний сайхан ижий", Л.Эрдэнэбатын "Санаж энхрийлэх амраг минь", Ж.Дансранжавын "Хонгорын говийн хоёр хайлаас", П.Бадарчийн "Хослон жаргахын уянга", Х.Болдбаатарын "Энэрлийн тэнгэр ижий минь" гэхчлэн шүлэгч найрагчдын бүтээлийг ая дангаар амилуулан дуулж бас дуулуулсанаа эмхлэн цэгцэлж "Эргэх цагийн уянга" хэмээх аялгуун тэмдэглээ бүхий номоо хэвлүүлж дуучин түмэндээ толилуулжихуй. Авьяас хөдөлмөрөө үнэлүүлж олсон, алдрын эзэн энэхэн бичвэрийн баатар маань ХХ зууны ерээд оны дундуур улсаараа овоглосон "Соёлын тэргүүний ажилтан", шинэ мянганы эхээр "Гавъяат жүжигчин"-ий эрхэм алдруудыг хүртэн алтан тайзнаа цоллуулан дуулсаар эдүгээ насны амралтаа эдлэн жаргаж суунам.

Дорноговь аймгийн Алтанширээ сум үүсгэн байгуулагдсаар хэсэг зуур суурьших газраа сайн ололгүй нүүсээр "Чулуун гишгэр" гэдэг газар ээлжит нүүдлээ хийж явтал ачаатай тэмээ нь туйлж авдар сав унахад даамал Гомбодаш абугай "Төрийн тамгатай авдар буух газраа мэдэж байгаа, энд бууя" гэснээр сум маань суурьших газраа олсон гэх домог яриа байдаг хийгээд тус сум-нэгдлийн дарга Өргөн сумын уугуул Д.Даваасамбуу агсан бүхий л ажил үйлсээрээ Алтанширээ сумтай холбогдсоор "Хөдөлмөрийн баатар" болсончлон Б.Догмид /ТС.АУЗ.СГЗ/, Б.Хэнмэдэхэв /Хүний гавьяат эмч/, Г.Жамъян /СГЗ/, Л.Нацагдорж /Хүний гавъяат эмч/, Ш.Гүрбазар /ТС.СГЗ/, Л.Ишдорж /Эдийн засгийн Гавьяат ажилтан/, С.Жанцанхорлоо /Хүний гавъяат эмч/, А.Шартолгой /СГЗ/ нарыг алдрын манлайд хүргэсэн буянтай дээдсийн өлгий Алтанширээ нутгийн авьяастан Монгол улсын "Соёлын тэргүүний ажилтан", "Гавьяат жүжигчин" Жамбалын Ёндонжамц танд болон таны насны халамжит хань Ардын боловсролын тэргүүний ажилтан М.Норов, охин Наран-Эрдэнэ, та бүхний ахан дүүс, анд нөхөд, төрж өссөн нутгийн тань зон олонд ажил бүтээл нь өрнүүн, авьяас билэг нь хөгжүүн, аз хийморь нь өөдөө, алдар суу нь дэлгэрч байхын билэг ерөөлийг айлтгаж бичвэр юүгээ өндөрлөн жаргаавай.

Л.Буянхишигт /Монгол Улсын гавьяат жүжигчин/

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top